Нидерландын нэрт зураач Винсент ван Гогийн амьдралынхаа сүүлийн саруудад туурвисан “Цэцэглэж буй туулайн бөөр мод” зураг Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Sotheby’s” дуудлага худалдаагаар 190 сая гаруй ам.доллароор зарагдаж, түүний бүтээлүүдийн дуудлага худалдааны үнийн дээд амжилтыг шинэчилжээ.

Уг бүтээлийг худалдахаас хэдхэн хоногийн өмнө өмнөх эзэмшигчийн өв залгамжлагчид нацистуудын хавчлага, шахалтын улмаас гэр бүл нь уг зургийг худалдахаас өөр аргагүйд хүрсэн хэмээн мэдэгдсэнээр маргаан үүссэн байна.
Тодруулбал, 1930-аад онд Берлин хотод амьдарч байсан еврей хэвлэн нийтлэгч Самуэль Фишерийн нэрээ нууцалсан өв залгамжлагчид нацистуудын хавчлагын үеэр гэр бүл нь санхүүгийн хүнд байдалд орж, уг бүтээлийг худалдахаас өөр аргагүй болсон гэж мэдэгджээ.
Харин “Sotheby’s” дуудлага худалдааны ордон болон уг зургийг худалдахаар санал болгосон Аргентины бизнес эрхлэгч Карлос Педро Блакьер, түүний гэргий, урлагийн бүтээл цуглуулагч Нелли Арриета де Блакьер нарын гэр бүл өв залгамжлагчдын мэдэгдлийг нухацтай авч үзэж, хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ дуудлага худалдааны ордны зүгээс бүтээлийн өмчлөлтэй холбоотой хийсэн судалгааны үр дүн өв залгамжлагчдын мэдэгдэлтэй нийцэхгүй байгааг онцолжээ.
Улмаар мягмар гарагт “Sotheby’s” ордон Фишерийн өв залгамжлагчидтай тохиролцоонд хүрснээ зарласан боловч хэлэлцээрийн нөхцөлийг олон нийтэд мэдээлээгүй байна.
Ингээд лхагва гарагийн орой болсон дуудлага худалдаагаар гурван минут орчим үргэлжилсэн үнэ хаялцуулах ажиллагааны эцэст уг зураг 190 сая гаруй ам.доллароор зарагджээ. Ингэснээр Ван Гогийн бүтээлүүдийн дуудлага худалдаагаар хүрсэн өмнөх дээд үнэ болох 117.2 сая ам.долларын амжилтыг эвдсэн байна.
Ван Гог сэтгэцийн эмнэлгээс гарсныхаа дараа Францын Овер-сюр-Уаз тосгонд амьдралынхаа сүүлийн саруудыг өнгөрүүлэхдээ уг зургийг туурвижээ. Тус бүтээлийг сүүлийн 50 орчим жилийн хугацаанд олон нийтэд дэлгэн үзүүлээгүй аж.
Блакьер-Арриэтагийн гэр бүл өөрсдийн уран зургийн цуглуулгыг музейд түр хугацаагаар үзүүлэхээр өгдөггүй байсан тул энэ удаагийн дуудлага худалдаагаар зарагдсан 12 бүтээлийн ихэнхийг олон нийт сүүлийн хэдэн арван жилийн турш үзэх боломжгүй байжээ. Эдгээр бүтээлийг нийт 412 сая орчим ам.доллароор худалдсан байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!