Говь-Алтай аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа

Б.Ариунзаяа
2023/06/30

Говь-Алтай аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл шинжилгээгээр тус тохиолдол батлагдсан байна. 

Тодруулбал, зургаадугаар сарын 26-ны 21.00 цагийн үед Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн.

Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвд булчирхайн шүүдсэнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд “сул эерэг” гарсан тул сорьцыг нарийвчлан шинжлүүлэхэд зургаадугаар сарын 28-ны 01.00 цагт шинжилгээний хариу эцэслэн гарч тарваган тахлын булчирхайн хэлбэр гэдэг нь батлагджээ. 

Шинжилгээний хариу болон өвчилсөн иргэний ойрын хавьтлуудын биеийн байдал хэвийн байгаа зэргийг харгалзан үзэж Говь-Алтай аймгийн Онцгой комисс аймгийн төв Есөнбулаг суманд тогтоосон хязгаарлалт хөл хориог цуцаллаа.

Говь-Алтай аймаг нь тарваган тахлын голомтот бүс нутаг юм. Сүүлийн 10 жил буюу 2001-2022 онд тарваган тахлын нийт 14 тохиолдол батлагдаж байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна