УИХ-ын дарга Г.Занданшатар Киргиз Улсад айлчилж байна

Админ
Өчигдөр 13 цаг 42 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд найрамдах Киргиз улсын Жогорку Кенеш буюу парламентын дарга Нурланбек Тургунбекович Шакиевийн урилгаар тус улсад албан ёсны айлчилж байна. Айлчлал нь өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 29-нд өндөрлөх юм.

Айлчлалын үеэр Киргиз улсын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхаж, Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровтай хоёр талын уулзалт хийх юм байна.

Монгол Улс, Бүгд найрамдах Киргиз улс хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгах, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд айлчлалын зорилго оршиж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна