МОНГОЛ СОЁЛЫН ДОВТОЛГООН -1

Админ
2024/03/21

Алтан нар алган дээрээсээ мандтал дуулахад

Шүлэгч надад тэнгэрлэг нэгэн хоолой хэрэгтэй

Аялсан дуугаа алаг дэлхийд түгтэл давхихад

Хүлэг чамд тэнхээлэг нэгэн шандас хэрэгтэй…. Б.Явуухулан

 Өнгөрсөн онд “Херо” Баатрын найруулсан “Монгол хаан” (Тамгагүй төр) жүжиг эхлээд Монголдоо 151 удаа тоглож, 75 мянган үзэгчдэд толилуулаад дараа нь Лондонд хамгийн том театрт нь дөчин мянга орчим хүнд хүрээд завсарлав. Одоо жүжгийг Сингапур, Дубай... гэх мэт улс орон ар араасаа урьж цаашдаа тэднийг дэлхий тойрсон аялан тоглолт хүлээж байна. Энэ бол монголчуудын хамтдаа бүтээсэн маш том амжилт билээ. Энэ жүжиг Лондонд тоглогдсоны дараа жүжгийн тухай дөч гаруй нийтлэл, шүүмж Британийн болон бусад барууны сонин сэтгүүлд гарсныг би бүгдийг анхааралтай уншлаа.

 “Theatre Weekly” сайтын үүсгэн байгуулагч, ерөнхий редактор Грег Сюарт “Монгол хаан” жүжгийн тухай бичихдээ; “Энэ жүжиг Шекспирийн зохиолын хэв маягтай тун төстэй. Шекспирийг өөрийг нь ч гайхшруулж мэдэх эмгэнэлт үйл явдал бол үүний жишээ.  Жүжгийн үг яриа нь голдуу шүлэглэсэн хэлбэртэй, зүйрлэл ихтэй. Жүжигчид нь түүнийгээ илэрхийлэхдээ маш нухацтай хандана. Тиймээс энэ жүжиг Лондонгийн стандарттай харьцуулахад агуулгын хувьд тийм гүн гүнзгий биш ч гэлээ гурван цаг үргэлжилнэ. Лондон Колизум бол Лондонгийн театрын хамгийн том тайзуудын нэг боловч “Монгол хаан” жүжиг энэ театрыг бүрэн дүүргэж чаджээ. Өмнө нь Лондонд ийм зүйл болж байгаагүй гэхэд хилсдэхгүй...” хэмээн бичсэн байх агаад Монгол хэлээр тоглож орчуулгыг хадмалаар өгч байгаа нь хэнд ч саад болсонгүй харин ч монгол хэл жүжгийг илүү сүртэй болгож байлаа гэжээ.

Тэр олон нийтлэлийг нэгэнд  “...Монголын цуутай од, нэрт жүжигчин Г.Эрдэнэбилэгийн гол дүрийг нь бүтээж буй энэ жүжгийн сурталчилгаа нь Монгол улсаа Орос, Хятад хэмээх ихээхэн асуудалтай хоёр хөрш улсынх нь геополитикийн сүүдрээс гаргаж дэлхий дахинд таниулахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм. Тус жүжиг Хятадад аль хэдийнээ дуулиан шуугиан дэгдээж амжсан бөгөөд Хятадын бүрэлдэхүүн дэх Өвөрмонголын Хөх хотын захиргаанаас уг жүжгийг толилуулах албан ёсны зөвшөөрлийг өгсөн атлаа 9-р сарын 19-ны өдөр цуврал тоглолтыг нээх эцсийн мөчид цуцалсан байна. Эл жүжиг тус улс дахь уугуул монголчуудад салан тусгаарлах үзлийг дэвэргэж болзошгүй гэсэн айдас энэ явдлын цаад шалтгаан байсан бололтой.

      Гэхдээ “Монгол хаан” жүжиг нь зөөлөн хүчийг хэрэгжүүлж, хүн ам нь Уэльсийнхээс ихгүй боловч нутаг дэвсгэр нь баруун Европын дайны асар уудам Монгол нутагруугаа жуулчдыг татан дуудах нь дамжиггүй...хэмээн Сюзи Мэжюр бичжээ. Бид хэлээгүй байхад тэд зөөлөн хүчний тухай ийн өгүүлжээ... “Монгол улсын өөр нэгэн зөөлөн хүч нь дэлхийд алдаршиж буй Хү хамтлаг бөгөөд Монгол уламжлалт хөөмэйн дуулал, ардын уламжлалыг хэви метал хөгжимтэй зохируулсан эл хамтлагийг өнгөрсөн жил үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй үйлсийнх нь төлөө ЮНЕСКО-ийн Энх тайвны төлөөх уран бүтээлчээр тодруулан тунхагласан нь энэ алдрыг хүртсэн анхны рок хамтлаг болсон юм. Хү хамтлаг Гластонбюрид тоглосныхоо дараа эдүгээ АНУ-д аялан тоглолтоор яваа...” хэмээжээ.

         Тэр олон шүүмжээс ийм үг зөндөө олдох бөгөөд Жонатан Эванс хэмээх эрхэм ...“Монгол хаан” бол гаргууд тоглолт, гойд өрнөл. У.Шекспир Ж.Вердитэй золгох мэт халгисан тоглолт. Хөшиг хожуухан нээгдэж, "Тасалбар түгээх цэг дээр таамаглаагүй их дараалал үүссэнээс тоглолт оройтож эхэллээ” хэмээн мэдэгдэв. Энэ дараалал улам урт байх болтугай. Тийм байх ч болно, бас уншигч та ч үзье хэмээн тэр дараалалд зогсоно гэдгийг би мэдэрч байна...гэх мэтээр үг хайргүй магтсан бол Жулиа Спарго хэмээх нэгэн эрхэм бээр “Хөшиг нээгдэн жүжиг эхлэх гуравхан мөчийн дотор л “Хөөх” хэмээн чангаар уулга алдсан догдлол минь гурван цагийн туршид үргэлжилсэн билээ. Энэ үнэхээр иж бүрэн гарамгай тоглолт мөн.” хэмээжээ.

Жэй Си хэмээгч шүүмжлэгч өгүүлэхдээ "Монгол хаан" бол дуу хуур, бүжиг, хүүхэлдэй, жүжиг бүгдийг хамруулсан, зүйлчлэн төрөлжүүлж болшгүй цогц тоглолт.

Монголын гарамгай нэрт жүжгийн зохиолчийн туурвисан энэхүү туульсын бүтээл нь их хаантан атгаг башир шадарынхаа арга мэхэнд автан, нууц хүүг нь нуган үрээ хэмээн эндүүрч хаан ор суулгахаар сонгон, харин өөрийн мах цусны тасархайгаа эс хайхран буй эмгэнэлт түүхийг өгүүлнэ. Энэ мэт өрнөл нь өрнө дахинд Шекспирийн Лир ван, Яго хоёрыг санагдуулах ч, мөнхүү “Эндүүрлийн тухай инээдэмт жүжг”-ээс ч зурвас үзэгдэх мэт, агуу Софоклийн “Эдип хаан”-ы хэсгээс ч гарах мэт...хэмээн бичсэн байна.

Үнэхээр ч Бавуугийн Лхагвасүрэн “Лир ван” зэрэг Шекспирын жүжгүүдийг үзэж уншсан  хүн төдийгүй Херо Баатартай хамт ажиллаж байхдаа л энэ жүжгийг монгол хавтгай зураг шиг нэг тайзан дээр үй олон үйл явдал зэрэг болж буйгаар тавих юмсан гэж байсныг Баатар ингэж биелүүлсэн ажгуу. Хэн хэн нь зураач байсан хоёр болоод дүрслэл дээр ихэд санаа нийлж байсан санагддаг. Хэн нэгэн хүн “Монгол бол ази сэтгэхүйтэй улс гэхээсээ азид оршдог зүүн европын сэтгэлгээтэй улс” гэж хэлсэн тухай та сонссон байх. Социализмийн үед ч бид баруун европын сонгодогуудыг эх хэлээрээ уншчихсан улс байлаа. Одоо ч интернетийн ачаар дэлхий дахин нэг болж бид баруун европын соёлтой ч их ойр болж ирлээ. Гэхдээ л “урыг нь харахаар удмыг  нь хар” гэдэг үгтэй учир монгол уг чанар, түүх, шастир домог зүйн маш өргөн соёлтой учир “Хү” хамтлаг ч монголоороо дуулсан ч метал рок шинжтэй учир дэлхийд мандаж Монгол хаан жүжигч мөн үндэсний урлаг баруун европын сэтгэхүйтэй хамтарсан тайзан дээр тоглосон нийлмэл урлаг болоод дэлхий дахинд таалагдаад буйг манай бүтээлчид ойлгох ёстой.  

Манайд ч драмын урлаг энэ жүжгээс хойш сэргэж ойр ойрхон дөрвөн ч жүжиг тавигдлаа. Ер нь л аль ч газар урлаг сэргэхдээ хэн нэгний амжилтын шууд болон шууд бус нөлөөгөөр сэргэж хөгждөг. Жараад онд Англид Битлз, Америкт Элвис Прэсли хоёр л рок соёлын довтолгооны эхлэл байсан шүү дээ. Херо Баатрын өмнө их яруу найрагчаар хөтлүүлэн бүтээж байсан “Монгол тулгатны зуун эрхэм” цуврал нэвтрүүлэг  ч гэсэн телевизийн салбарт их өөрчлөлт авч ирсэн бүтээлүүд болсоныг манай үзэгчид мэдэж байгаа. Олон ч нэвтрүүлэг хар цагаан өнгөөр хосолж монтажний урлаг урагшилсан билээ. Түүний хийц маяг,сайтай зураач хүний нүдээр урласаныг  дуурайж олон сайн бүтээлүүд төрж гарсан юм.

Би Баатараас чи яагаад жүжиг тавина гэж бодсон юм бэ? Бас 70 орчим жүжигчин ажилчид нийлээд 100 давсан хүнтэй гадаадад тоглох амаргүй байсан биз. гэсэн хоёр асуут тавьхад тэрээр:

-Лхагваа ахын л хүсэлт л дээ жүжиг тавих бол ...тэгээд кино хийнэ гэвэл маш их зардал хэрэгтэй болно. Ер нь жүжиг чинь нэг л өөр, сүнстэй амьд урлаг учир үндэсний хөгжим, дуу, бүжиг оруулаад явбал болмоор санагдсан юм аа. Наадмын видео нээлт гээд л олон иймэрхүү юм хийсэн болохоор нэг тайзан дээр зангидаж болмоор санагдсан юм.  Аан тэр 100 хүний тухайд бол Хүннүгийн үеэс л хэргэлсэн аравтын системээр л явсан даа. Би тэхээр арван хүнтэй л харьцана гэсэн үг. Аравтын дарга нар их хариуцлагатай байцгаасан. Дандаа залуус хэцүү шүү дээ... гэж байлаа.

Энэ жүжиг яагаад дэлхий дахинд алдаршиж дөчин мянга гаруй үзэгчид үзэж дөч орчим шүүмж, тойм бичигдэв. Бид ямар ч  төрийн дэмжлэггүй бор зүрхээрээ тус тусдаа зүтгэхдээ цаашдаа юуг анхаарах вэ, яаж олуулаа дэлхийд гарч ирэх вэ, юуг хэнээс  сурах ёстой билээ гэж бодох цаг хэдийнээ иржээ. Ер нь үндэс соёлоо мандуулахыг хүссэн ард түмэн, морин хуур, уртын дуу, монгол гэр... манайх гэж  Юнескод бүргүүлээд л  идэвхигүй хамгаалаад суух биш дэлхий дахин руу соёлын довтолгоон хийдэг ажээ. “Хү” хамтлагийн залуус англи хэлийг төгс сураад тэднийг дуурайж ковер дуулах биш дэлхий дээр арав гаруйхан сая л хүн ярьдаг  монгол хэлээрээ монгол соёлын довтолгооныг дэлхий дахинд хийж буй билээ. Энэ бол өөр ч монгол хамтлаг дахиж гарч ирэх хаалга цэлийтэл нээгдсэн гэсэн үг. Гэхдээ ХҮ-гийн хуулбар бол хол явахгүй гэдгийг ойлгож арай өөр өвөрмөц зүйл бодох ёстой болно.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна