МОНГОЛ СОЁЛЫН ДОВТОЛГООН -2

Админ
2024/03/21

Эхний хэсгийг энд дарж уншина уу

- Монгол хаан жүжгийн тухай олон ч нийтлэлд “Монголын зөөлөн хүчний бодлого” гэж онцлон дурдсан байлаа. Тэгвэл зөөлөн хүчний бодлого гэж юуг хэлдэг вэ? CNN style сайтад Лана Ламм энэ жүжгийн тухай өгүүлэхдээ: “...Монгол хийгээд Чингис хааны тухай хэд хэдэн номын зохиолч, "Монгол хаан"-ыг англи хэл рүү орчуулсан Жон Мэн хэлэхдээ Хятадын эрх баригчдын дургүйцлийг хүргэсэн зүйл нь жүжгийн агуулга биш, харин соёлын ач холбогдол гэв...мөн тэр нийтлэлд өгүүлэхдээ "Монголын Засгийн газрын хувьд уг жүжиг нь зөөлөн хүчний бодлогын суртал ухуулга биш, зүгээр л энтертейнмэнт, жүжиг юм." гэсэн байлаа. Тийм дээ. Гадныхан л ингэж бичээд буй болохоос Херо Баатар Б.Лхагвасүрэнгийн жүжгийг л өөр байдлаар дэлхийн зүг хандуулж тавьсан ч гэлээ соёлын довтолгоон, зөөлөн хүчний бодлого болох хэрэгтэйг сануулж дээрх судлаачид хэд хэдэн удаа өгүүлсэн байлаа.

Хорин нэгдүгээр зуунд Өмнөд Солонгосын соёлын довтолгоо олон салбарт эрчимжиж Солонгосын зөөлөн хүчний бодлого гэж дэлхий даяар ярих болтлоо өргөжив. Мэдээж Хойд Солонгос гэж эсрэг тал цөмийн аюул заналаар сүрдүүлэгч тоталитар  дэглэмтэй орон учир Америк маягийн соёлын довтолгоон тэдний тусламж зөвлөлгөөгөөр Солонгост  хөгжиж өнөөдөр оргилруугаа явж байгаа хэрэг шүү дээ. Энэ бүхнийг хариуцан элдэв аргаар дэмждэг төрийн мэдлийн компани идэвхитэй ажиллаж соёл урлагтаа дэмжлэг үзүүлдэг байна. Дуу хөгжмийн салбарт  BTS-ийг "Spotify-ийн хамгийн олон сонсогчтой хамтлаг болж Blackpink мөн зэрэгцэн тэргүүлж байхад Солонгос цуврал Азийн орнуудыг байлдан дагуулж одоо дэлхий дахины урлаг боллоо. Солонгос драм Netflixт ихээхэн амжилт олоод зогссонгүй “Паразит” гэх кино Америкийн академийн гадаад киноны хэсэгт Оскар авч дэлхий дахинд мандан бадрав.

Өмнөд Солонгосын соёлын довтолгоон 1997 оны эдийн засгийн хямралын дараанаас хайр дурлалын сэдэвтэй зуу орчим олон ангит к драмаар эхэлж улмаар Япон, Хятад,Тайланд... зэрэг азийн орнуудад тарж Түркэд нэвтэрснээр дэлхий дахинд түгжээ.

Бид ч өөрсдөө мөн сайн яваагаа дагаж дэмжээд дэлхийн зүг хөдлөх цаг аль эрт болчхоод буй билээ. Үүний тулд бид яах ёстой вэ? Нэгэнт дэлхий дахинд гарах гэж буй учир дэлхийн стандартыг бүтээлдээ оршоохоос бүх зүйл эхлэнэ. Гадна л гаргах гэж байгаа бол тэдний компаниудтай хамтран ажиллаж үзэгчээ татна. Хү хамтлаг л гэхэд продюсер Дашдондог АНУ-ын Элэвэн сэвэн гэх том энтертайнмент компанитай хамтарсны үр дүнд дэлхийн тавцанд гарлаа. Газрын баялагаа ухаж зарахаас өөрөөр ихээхэн мөнгө болон асар том нэр хүнд олж болдогийг ойлгох цаг аль дээр болсон.

 “Хү” хамтлаг ч монгол хэлээрээр дуулж байгаа төдийгүй бүр 1998 онд Бельгийн найруулагчтай хамт найруулж тухайн үедээ дэлхийн кино наадмуудаас 23 шагнал хүртэж байсан  “Нохой орон” киног ч монгол хэлээр Б.Дамчаа гуай тайлбар уншсан нь илүү их хүчийг өгсөн гэж би боддог төдийгүй барууныхан ч тэгж бичсээр ирсэн юм. Тэр кино ингэж хол явсан нь нохой үхээд хүн болж төрдөг гэсэн монголчуудын эртний домогт санааг л кино болгосонд орших бөлгөө. Би Нью Йоркод байхдаа танилцаж киногоо өгсөн Гард Штэйн гэх зохиолчийн миний киноноос сэдэвлэн бичсэн “ Борооноор уралдах урлаг” ном нь 10 сая хувь зарагдаж эцэстээ кино болж гарсан   зэргээс үзвэл монголын эртний ёс заншил, түүх соёл, гэдэг агуу том уурхай бөгөөд тэр уурхайгаас гарсан зүйлсийг зөв найруулбал хол явах нь тод харагдах бөлгөө. Монгол хаан жүжгийн амжилт ч мөн л үүнтэй холбоотой бөгөөд үндэсний бүжиг, дуу, хөгжим, хаадын тэмцэл, зөрчлийг сонгодог аргаар буюу  Шекспирийн хэлээр өгүүлсэн учир хүчийг авчээ гэж ойлгож болно.  Гард Штэйн гэх тэр зохиолчийн “Борооноор уралдах урлаг” ном арван сая зарагдаад дараа нь кино болж гарсан гэхээр зөвхөн нэг номноос зохиолч 5 доллар хүртэнэ гэвэл 50 сая 9 доллар хүртэнэ гэвэл 90 сая доллар олсон гэсэн үг шүү дээ.

“Паразит” кино л гэхэд Өмнөд Солонгосоос  71.4 сая долларыг АНУ аас 71.00 сая доллар, Канададаас 50.4 сая долларын орлого олсоор байгаа бөгөөд хэдэн жилийн өмнөх дүнгээр 258.9 сая 700 мянган долларын орлого олжээ.

Өмнөд Солонгосын зөөлөн хүчний бодлого маш цэгцтэй их өргөн хүрээг хамран амжилттай явж байгааг бид төрийн хэмжээнд судалж, өөрсдөөс нь зөвлөгөө авч, санаа авч  хуулах зүйлийг хуулж Монгол соёлын довтолгооныг эхлүүлэх ёстой .  Удахгүй сонгууль болж шинэ засгийн газар байгуулагдахад Монгол соёлын довтолгооны бодлого боловсруулж хэрэгжүүлэх ёстой юм.

Энэ нийтлэлийг бичиж байх явцад Баатар Сингапурыг зорьсон бөгөөд тэнд “Монгол хаан” жүжгийг 10-11 дүгээр сард дөрвөн долоо хоногийн турш тоглуулах гэрээг Сингапурын Base entertainment-тай байгуулжээ.

Монгол хаан жүжиг удахгүй Сингапур улсад тоглож, Азийн улс орнууд руу Монгол соёлын довтолгоон эхлэх гэж байна.

"Broadway-н түвшний чанартай Азийн шилдэг бүтээлийг Сингапурт авчрахыг бид удаан хугацаанд мөрөөдсөн. Өнгөрсөн 11-р сард Лондонгийн Колизеумд энэхүү гайхалтай жүжгийг үзсэнийхээ дараа энэ бол бидний хайж байсан зүйл мөн гэдгийг шууд ойлгосон" гэж Base Entertainment-ын гүйцэтгэх захирал Chantal Prud’homme хэлэв.   

Энэ жил Marina Bay Sands-ын Sands театр нь Matilda, Hamilton, Miss Saigon, Монгол Хаан гэсэн дэлхийн театрын 4 томоохон уран бүтээл тоглогдох аж. Монголын театрын урлагийг, үүнийг бүтээгч олон зуун авъяаслаг уран бүтээлчидтэй нь хамт олон улсад экспортолж буй энэхүү түүхэн явдал нь дэлхийд Монгол улсын соёлын томоохон сурталчилгаа болохоос гадна Монголын театрын урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирж буйгаа зарлаж буй явдал болж байна.

"Монгол хаан" жүжгийн Сингапур дахь аялан тоглолтын тасалбар энэ оны 4 сарын 25-наас эхлэн худалдаанд гарч, Сингапур төдийгүй Азийн үзэгчдэд Хүннү гүрэн хэрхэн сүр жавхлантайгаар тайзнаа амилсныг гэрчлэх боломжийг олгох болж байна. Сингапур бол дэлхийн их хөлийн газар, тэр тусмаа Marina Bay Sands бол дэлхийн аялал жуулчлалын брэнд төвүүдийн нэг, жилдээ л гэхэд 45 сая орчим хүн зочилдог аж.

Агуу Б.Явуухулан агсан 1977 онд ингэж захиж байсан нь одоо л жинхэнээсээ агуу Б.Лхагвасүрэнгийн яруу тансаг зохиолоор “Херо” Баатар олон арван жүжигчдийнхээ хамтаар биелүүлэх ёстой байжээ. Бүх зүйл цаг хугацаатай гэдэг. Монгол соёлын довтолгооны цаг нь болжээ...

Шүлэг минь-хүлэг минь хурдлан давхи!

Хүлгийн шандас харуулахад холын зай хэрэгтэй

Хүн ардынхаа захиасыг санан санан давхи,

Хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна