Монгол улс хүний эрхийн конвенцуудад нэгдэж, соёрхон батлах шаардлагыг биелүүлсэн ч хэрэгжилт хангалтгүй байна гэв

Админ
2021/01/15

“Женевт болсон Хүний эрхийн төлөв байдлын хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын тайланг хэлэлцэх үед зөвлөмжүүдийн хэрэгжилт хангалттай байна гэсэн ойлголтыг авсан ч бодит байдалд, иргэдтэй уулзсаны дараа миний сэтгэгдэл өөрчлөгдсөн. Хүний эрхийн асуудал хөндөгдөж байгаад хамтран ажиллах шаардлагатай байна. Европын холбоо танай улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээс хамгийн үр өгөөжтэй нь GSP+ төсөл юм. 6000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны улсуудад гаалийн татваргүй нэвтрүүлэх боломжийг бид олгосон. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд танай улс нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээний үүргээ биелүүлэх шалгууртай. Цаазын ялыг дахин хэрэглэж эхэлбэл ЕХ-ны үйл ажиллагаа Монгол Улсад зогсох болно” гэж Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн, ноён Траян Лауренцю Христеа өнгөрсөн 7 хоногт (2020.01.08) Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй уулзах үеэрээ хэллээ.

Тэрээр Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, Х.Мөнхзул, Д.Сүнжид, Б.Энхболд нарыг хүлээн авч уулзахдаа шинэ бүрэлдэхүүнд баяр хүргэж амжилт хүсээд “Та бүхний үйл ажиллагаа бүх түвшинд хүрч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг туршлагыг бий болгоход тун чухал болохыг онцлон тэмдэглэе” гэв. Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2021 онд 20 жилийн ойтой золгож байгаа бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмж заавал биелүүлэх шинжтэй болж, хариуцлагын тогтолцоо чангарсан, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар жил бүрийн эхний улиралд багтаан заавал хэлэлцэж байхаар хуульчилсан зэрэг нь шинэ шатанд үйл ажиллагаагаа явуулахад дөхөм болно гэж үзэж байгааг ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан илэрхийллээ. Мөн Комисс нь ирэх 4 жилийн стратеги төлөвлөгөө, бодлогын баримт бичгүүдээ боловсруулж байна. Ковид-19 цар тахлын үед үүсч буй хүний эрхийн зөрчлүүдэд хамтран ажиллах, одоо хэрэгжүүлж буй туслах малчдыг чадавхжуулах төслийг үргэлжлүүлнэ хэмээн найдаж байна гэлээ.

Уулзалтын үр дүнд талууд хамтын ажиллагааг үргэлжлүүлж, Ковид-19 цар тахлын үе дэх хүний эрхийн зөрчлийг харилцан мэдээлэх, зөрчлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт, бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, Хүний эрхийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээр Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт, түүний тайлагналт, явцад хяналт тавих, олон улсын гэрээ, конвенцын орчуулгыг засч сайжруулах, ХЭҮК-ын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна