Сэтгүүлч, Продюсер Ж.Мядагбадам “Их говийн манаач” кино багийнхаа төлөөллийн хамт Энэтхэгийн Колката хотноо жил бүр болдог F5IFF Олон улсын кино наадмын шагнал гардуулах ёслолд уригдан оролцож, цэвэр модон суурьтай алтан навч бүхий цом тайзнаа гардан авлаа. Ингэснээр Найруулагч Э. Ган-Очир, Продюсер Ж.Мядагбадам нарын бүтээл “Их говийн манаач” кино олон улсаас 8 дахь шагналаа хүртэв.

Кино урлагаар дамжуулан олон улсын соёлын харилцан ойлголцлыг бэхжүүлж, дэлхийн орнуудыг холбох зорилготой F5IFF олон улсын кино наадам жил бүрийн намар БНЭУ-ын Колката хотод болдог. Энэ жилийн наадам 2026 оны арванэгдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэтхэгийн Соёлын яамны харьяа Антропологийн судалгааны хүрээлэнгийн их танхимд 5 өдрийн турш зохион байгуулагдсан тус кино наадмын энэ жилийн уриа нь “Залуучууд ба Ногоон ирээдүй” байв.
Дэлхийн 80 орчим улсын 647 бүтээл хүлээн авснаас дэлхийн кино урлаг, соёлын өв, уугуул иргэдийн амьдрал, залуу уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээ болон байгаль хамгааллын тухай хүүрнэсэн 36 киног кино наадмын албан ёсны үзвэрээр сонгон үзэгчдийн хүртээл болгожээ.
Монгол найруулагч Э. Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын бүтээл “Их говийн манаач” (The Guardian of the Great Gobi) баримтат кино тус наадмын албан ёсны үзвэрээр шалгарч 2026 оны арваннэгдүгээр сарын 22-ны ням гарагт үзэгчдийн хүртээл болсон бөгөөд улмаар 24-ний үдэш, наадмын хаалтын ёслолын үеэр “Байгаль орчны шилдэг кино”-гоор өргөмжлөгдөв.

Продюсер Ж.Мядагбадам кино багийн төлөөллийн хамт кино наадмын шагнал гардуулах ёслолд уригдан оролцож цэвэр модон суурьтай алтан навч бүхий цом тайзнаа гардан авах үеэрээ "Кино урлагаар дамжуулан Монголын Их говийн хосгүй нандин байгаль, өв соёлыг хамгаалан, хойч үедээ хадгалан үлдээх үйлсэд хувь нэмэр оруулж буй кино багийнханд наадмын зохион байгуулагчид чин сэтгэлийн талархал дэвшүүлж халуун баяр хүргэе" гэлээ. Энэхүү цом нь хүн төрөлхтний эх болсон байгаль дэлхий өнө мөнхөд оршихыг бэлгэддэг байна.
Энэтхэгийн орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр энэ жил тус наадамд Монгол тэргүүтэй олон орны кино уран бүтээлчдийн бүтээл шалгаран оролцож буй нь наадмын цар хүрээг тэлэхийн зэрэгцээ олон талт сэдэв, агуулгын гүнзгийрлээр ялгарч буй онцлон тэмдэглэж мэдээлжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!