Баянзүрх: 9 дүгээр хорооноос 18, 17 дугаар хорооноос 32 тохиолдол илрүүлжээ

Б.Ариунзаяа
2021/01/18

Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 11-нд сэжигтэй тохиолдол илэрснээс хойш халдварын тохиолдол эрчимтэй өсч 1 дүгээр сарын 13-нд 16 тохиолдол бүртгэгдсэн. 

Иймээс халдварын голомт тархахаас урьдчилан сэргийлж 2021 оны 01 дүгээр сарын 13-ны А/08 захирамжаар 2021 оны 01 дүгээр сарын 14-нөөс 16-ныг дуустал Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоож, 18-аас дээш насны 6475 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулсан.

Үүний үр дүнд хөл хорио тогтоосноос өмнө, тогтоосноос хойш нийт 9,17-р хорооноос 50 тохиолдлыг илрүүллээ. Үүнээс 9-р хорооны 18, 17-р хорооны 32 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Шинжилгээг байнгын 4 цэг, явуулын 7 баг авчээ. Ингэхдээ тухайн хорооны иргэдэд зарлан мэдээллэх зорилгоор 30 албан хаагчид 17-р хорооны 2770 өрхөд утсаар нэг бүрд мэдээлэл өгсөн бол боловсролын хэлтсээс 1339 эцэг эх асран хамгаалагчтай утсаар болон цахимаар холбогдож шинжилгээнд заавал хамрагдах мэдээллийг хүргэсэн байна. 

Түүнчлэн шинжилгээнд иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Цэргийн штаб, Боловсролын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой Байдлын Хэлтэс, нийт 230 албан хаагчдыг дайчлан 11 баг болгож айлуудыг гудамж, хаалгаар нь хуваарилж, иргэдийг шинжилгээнд хамрагдсан эсэхийг лавлан өгөөгүй иргэдийг шинжилгээнд хамруулсан. Ийнхүү ажилласны үр дүнд 17 дугаар хорооны 5231 иргэнийг шинжилгээнд хамруулахад 50 тохиолдол илрүүлсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна