Есөн настай охиноо хөнөөсөн хойд аавд 20 жилийн ял оноолоо

Б.Ариунзаяа
2021/01/22

Өнгөрсөн 2020 оны есдүгээр сарын 20-нд есөн настай охин хойд аавынхаа гарт  харамсалтайгаар амиа алдсан. Энэ хэргийн шүүх хурал өчигдөр /2021.01.21/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хаалттай болж, дагавар охиноо зодож, амь насыг нь бүрэлгэсэн М.Баттулгад 20 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/,
мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 /Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж алсан/, 2.8 дахь заалт /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан/, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/, 

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт /Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн/-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Баттулгад холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч М.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн /тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасны дагуу/ нийт биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.16.103
    2021/01/23

    Хүүхдийн амь насыг санаатай хохироох гэмт хэрэг бусад улс орнуудад бараг гардаггүй. Монголд удаа дараа гарч буй нь маш ноцтой . Хүүхдийн амийг санаатай хохироох хэргийг аль ч оронд хамгийн жигшүүрт бузар хэрэгт тооцдог ба ялын дээд хэмжээг өгдөг. Тэр охинд эрүүл бүтэн яс эрхтэн бараг үлдээгүй байсан маш харгис хэрцгий гэмт хэрэгт бүх насаар хорих ял өгөх ёстой

    Хариулах
  • 202.9.40.16
    2021/01/22

    Хүний амь хохироосон гэхэд бага ял байна даа. Ялангуяа нялх хүүхэд алсан хүн ш дээ.

    Хариулах
  • 192.82.65.47
    2021/01/22

    болж муу новшийг.

    Хариулах