Улсын онцгой комиссын өчигдрийн өргөтгөсөн хурлаар эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. 

Мөн нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх зохицуулалт хийх, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгодог байх боломж бүрдүүлнэ. Цаашид тусгаарлалтын хоногийг багасгаж, гэрт тусгаарлаж цахимаар хянах тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзсэн талаар мэдээлсэн.

Тэгвэл Коронавирусний вакцин хийлгээд эх орондоо ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлах аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Вакцин тариулсан иргэдийнхээ  сертификатыг нь харна. 7 хоног ажиглалтад байлгаж байгаар антител үүссэн тохиолдолд гаргана. Мөн бусад халдварын тархалт буурч байгаа орнуудаас ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлана. Үлдсэн 4 хоногтоо өрхийн эмчийн хяналтад байна" гэлээ.