Ц.Цогтбаатар Их дуулга ангиллын 2 ДАХЬ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

Админ
2021/03/07

"Токио-2020" олимпийн наадамд оролцох Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг "ТАШКЕНТ-2021" Их дуулга тэмцээнд амжилт дүүрэн оролцож байна. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ази тивийн аварга ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль хүртэж, Монгол улс 2 алт, 2 мөнгөн медальтай нийт 71 улсаас хоёрдугаарт эрэмблэгдэж байна.

Ц.Цогтбаатар тэмцээний эхний тойрогт хийлж, хоёрын даваандаа Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Португалийн Жоао Фернандог 2:56 минутад цэвэр ялжээ. Улмаар удаах тойрогт эзэн орны бөх залуучуудын Азийн цомын тэмцээний хошой аварга Голибжон Сулаймоновыг вазари үнэлгээгээр илүүрхэж яваад 3:13 минутад иппон буулгав. 

Улмаар хэсгийн аваргын төлөө 2019 оны Екатринбургын гранд сламын хүрэл медальт ОХУ-ын Евгений Прокопчукыг вазари үнэлгээгээр ялсан бол хагас шигшээд мөн л эзэн орны бөх Обидхон Номоновыг нэмэлт цагт торгуулиар ялжээ. Харин аваргын төлөө манай бөх өмнө нь хоёр ялж нэг ялагдсан 2020 оны Парисын гранд сламын мөнгөн медальт Казахстаны Жансай Смагуловтой барилдаж торгуулиар ялж Гранд Слам ангилалд хоёр дахь удаагаа түрүүллээ. Ингэснээр тэрбээр чансаагаа 1000 оноогоор ахиулснаар -73 кг-ын дэлхийн чансаанд 11 дүгээр байр руу дэвших боломжтой болсон байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.