Судалгаанаас үзэхэд хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Сүүлийн үед хотжилт суурин соёл иргэншлийг дагаад суугаа хэв маяг нь таргалалт чихрийн шижин ,зүрх судасны өвчнүүдийг үүсгэх гол нөхцөл болж байна. Бид өдрийн 5-8 цагт байнга хөдөлж байх ёстой. Тэгвэл биеийн идэвхи хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болж ажлын бүтээмж нэмэгддэг нь эрдэмтдийн судалгаагаар нотлогдсон.
Хэрэв та өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийг хүсч байвал өдөр бүр багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Биеийн тамирын дасгалууд дотроос хүний биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг дасгал нь алхаж, явган явах. Алхах зуураа өөрийн бэлхүүснээс барьж үзэхэд дотоод булчингууд эрчимтэй ажиллаж байгаа нь танд мэдрэгдэнэ. Алхах нь тусгай тоног төхөөрөмж шаардахгүйгээс гадна жилийн дөрвөн улирлын үед ямар ч агаарт өөрийн тохиромжтой цагт хичээллэх боломжтойгоороо бусад дасгалуудаас онцлогтой.
Алхах үедээ та толгойгоо эгцлэн цээжээ цэх барьж хэвлийгээ чангалж сурах нь чухал. Ингэснээр нурууны булчин чангарч, бүсэлхий нарийсдаг.
Цус судсаар гүйхдээ бие мах бодийг цэвэршүүлж, тэтгэдэгтэй адил явган алхах нь оюун ухааныг цэвэршүүлж сайжруулдаг байна.Тиймээс ажилдаа явах гэр лүүгээ явахдаа тогтмол алхахыг хичээх хэрэгтэй. Алхах үед гар мөрний үеийн хөдөлгөөн онцгой үүрэг гүйцэтгэдэг. Гарын атгалтаа зөөлөн, мөр, гараа сул чөлөөтэй, урагш, хойш савж алхахыг зөвлөе. Амьсгалаа авахдаа нэг удаа, гаргахдаа хоёр удаа эсвэл хоёр тасалж амьсгалаа аваад хоёр тасалж гаргах зэргээр амьсгалаа хуваарилж алхаарай.
Алхалт хоорондын зайг уртасгаж, хол болгох нь гуя, өгзөгний булчинд онцгой нөлөөлдөг. Алхам нь хөлийн өсгийнөөс булчинд онцгой нөлөөлдөг. Алхмыг хөлийн өсгийнөөс эхлэн гишгэж, бүтэн улан дээр биеийн хүндийн жинг тохируулан өлмийгөөр түлхэж дуусгана.
Хөлдөө таарсан зөөлөн, спортын зориулалттай гутал, хөнгөн агаар нэвтрэх хувцас өмсвөл тохиромжтой. Алхаж эхлэхээс 20 минутын өмнө аяга ус ууна. Ам хатаж байна гэдэг нь биед ус дутагдаж буйн шинж.Тиймээс алхалтын дараа шингэнээ усаар нөхөхдөө аль болох бага багаар шимж уугаарай.
Ойролцоогоор 10 мянган алхам хийхэд хүний бие 300 килокалор буюу эрч хүчийг ялгаруулдаг байна. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг гэж үздэг.Хэрвээ та илүүдэл жинд өртөхгүй биеийн жингээ барихыг хүсч байвал хооллолтод дээрээ анхаараарай.
Хавар намрын улиралд хүний биеийн дархлаа сулардаг учир төрөл бүрийн нарийн ногоо ,шош,жимс жимсгэнэ ,уургалаг бүтээгдэхүүн ба тахианы цээж мах,үхрийн бараан мах, өндөг, сүү цагаан идээ идэхийг зөвлөж байна. Мэдээж хүний биед тодорхой хэмжээний өөх тос хэрэгтэй буюу ханаагүй тосны хүчил Омега 3,6 хэрэгтэй байдаг тул хоолны хачир болгох салатаа Оливын тос,шар буурцаг,сайн чанарын тосоор амталж хэрэглээрэй.
"Golden gym fitness club"-ийн дасгалжуулагч, Эрүүл амьдралын дасгалжуулагч, ЗУМБА фитнесийн ОУ-д заах эрхт багш, Ө.Долгормаа
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!