Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчдаас коронавирус илэрч, тэмцээнээ өнжихөөр болжээ

Б.Ариунзаяа
2021/04/05

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчдаас коронавирус илэрч, тэмцээнүүдээ өнжихөөр болжээ. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбоо дараах мэдэгдэлийг хийсэн байна. 

Шигшээ багийн тамирчид энэ удаагийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй

Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрхийн оноо олгох Ташкентын Гранд Слам тэмцээнд оролцохоор өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хилийн чанадыг зорьсон. Улмаар энэхүү тэмцээнд амжилттай оролцож хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, шагналт тавдугаар байр эзэлсэн билээ.

Ташкентын Гранд Сламын дараа манай баг Гүржийн нийслэл Тбилиси хотыг зорьж, тус улсад олон улсын хамтарсан бэлтгэлийг хийсэн. Энэ үеэр манай шигшээ багийн зарим тамирчинаас коронавирусын халдвар илэрч, Тбилисийн Гранд Сламд бүтэн багаараа оролцож чадаагүй. Улмаар коронавирусын халдвар илэрээгүй шигшээ багийн тамирчид энэхүү тэмцээнд оролцож хоёр алт, хоёр хүрэл медальтайгаар багаараа гуравдугаар байр эзэлж тэмцээнээ өндөрлүүлсэн. 

Тбилист манай 5 тамирчинд тэмцээний өмнөх өдөр короновирусын халдвар илэрснээр тусгаарлалтад орсон бөгөөд ямар нэг ноцтой шинж тэмдэггүй хэвийн байгаа аж. Улмаар короновирусын халдвар илэрсэн манай баг Антальягийн Гранд Сламыг өнжөөд Кыргызстаны Бишкек хотноо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байв.

Гэсэн ч дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлаас болж, манай тамирчид маргааш эхлэх Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Учир нь, манай шигшээ багийн тамирчдаас дахин халдвар илэрсэн тул зохион байгуулах хорооны дүрмийн дагуу манай багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.

Манай шигшээ багийнхны хувьд “Токио2020” олимпийн эрхийн “Казань-2021” Гранд слам, “Будапешт-2021” ДАШТ-үүд хүлээж байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.168
    2021/04/05

    Balai hoolnii savnuud temtseen bolgond navsaagaad yavna ochiod shalnii alchuur buun barag 40,50 uulaa yavdag bolson bna lee

    Хариулах