Коронавируст халдвар хөрш БНХАУ-д илэрсэн цагаас эхлэн цагдаа, онцгой, эмнэлэг болон бусад тусгай үйлчилгээний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Тэд өнөөг хүртэл зэрэглэлээ бууруулах нь битгий хэл шат ахиулсаар ард түмнийхээ төлөө зүтгэж буй. Гэвч иргэдийн хэнэггүй, хайхрамжгүй байдлаас үүдэж, тэдний нойр хоолоо хасан байж хамгаалсан хөдөлмөрийн үр шим өнөөдөр салхинд хийсч байна.  

Засгийн газар, УОК-оос 15 хоногийн хатуу хөл хорио тогтоосон ч өдөр болгон 700-800 цаашлаад 1000 гаруй халдвар илэрсээр байгаа цар тахлын эрсдэл чиний, миний, таны дэргэд байгааг илтгэнэ. 

Цагдаагийн нэгэн албан хаагч ийнхүү цахим хуудаснаа бичжээ. 

-"Гомдоллоод байгаа юм биш... Үнэндээ л ядарч байна! Ийм сул хориог ахин дахин тогтоох ямар хэрэгтэй юм бэ?
Ямар ч хэрэггүй гудамжинд хэзээ өвдөхөө хүлээж байгаагаас ялгаа алга. Хэн ч алхахгүй, гүйхгүй, автобусаар зорчихгүй байж байж хөл хорио гэж нэрлэх хэрэгтэй байх!
Өөрийн хүүхдээ гэрт нь рахит болтол нь хорьж байж өөрөө өдөр болгон гудамжинд халдвартай байж болзошгүй олон арван хүнийг хаашаа явах гэж байгааг шалгааж, заримд нь нулимуулж, хараалгаж доромжлуулчихаад орой нь гэртээ ирээд хорьсон хүүхдээ тэвэрч унтах... Бүгд л хүн, ардаа санаж сарвайх үртэй, эх эцэгтэй, адилхан амьд явах эрхтэй!
Хэний юуны ч төлөө юм, хэлэхгүй л байгаа болохоос бүгд л энэ замыг туулж байна, миний мэдэхээр цагдаагийн байгууллагын удирдлагууд, дарга ахлахууд нэг амралтын өдөр гэртээ бүтэн амраагүй хичнээн сар болов...Өрөвдөж байна, харамсаж байна...
Хэдий хүртэл өргөсөн тангараг, татвараар цалинждаг гэсэн үгээр өөрийгөө дарж явах ёстой юм бол...
Урьд хожид байгаагүй хүнд үе, цар тахал!
Удирдах эрхтэй нь тушаал, тогтоолоо гаргаг, хэрэгжүүлэх нь хэрэгжүүлье, ард түм нь зүгээр үгийг нь дагаад хамтдаа даваад гарчихаж болдоггүй юм уу?...?
Энгийн энх үе биш шүү дээ..." гэсэн байна.