М.Тулгатын АН-ынхан Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа гишүүдтэй уулзахаар ирсэн боловч О.Цогтгэрэл даргатай АН-ын дэмжигчид тэднийг талбай руу нэвтрүүлсэнгүй.

Тодруулбал, С.Эрдэнийн АН-ынхан О.Цогтгэрэлийн АН-ынхантай уулзаж, хэлэлцэхээр ирсэн боловч ийнхүү бүтэлгүйтлээ.

Талбайн дэмжигчид Э.Бат-Үүл, М.Тулгат тэргүүтэй жагсагчдыг талбай руу оруулсангүй. Энэ хооронд хоёр талаас цугласан дэмжигчид хооронд маргаан гарч, хэсэг хугацаанд эмх замбараагүй байдал үүсэв.
Үүний өмнөхөн УИХ-ын гишүүн Ц.Туваан талбай дээрээс мэдээлэл хийхдээ М.Тулгатын АН-ынхыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсээр байтал ийнхүү тэд уулзахаар ирсэн нь буруудлаа. 


Хоёр талд АН дотроо асуудалгүй гэж ярьсан нь уулзахдаа тулахаар нэгдэхгүй гэж байгаагаас буруу хаана байгааг харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгч тал МАН “Дотроо асуудлаа ол” гэдэг үг үнэн болохыг тод харуулж байгаа юм.

Магадгүй өглөө хоёр талд бие биен рүүгээ дайрч, худалч хуурамч, бусдын гар хөл бологсод гэж цоллохоосоо өмнө хэлэлцээрийн ард нэгдсэн бол арай өөр шийдэлд хүрэх ч байсан юм билүү.
Хамгийн харамсалтай нь хагаралтай АН-ын жагсаалд нэгдсэн ахмад голдуу хүмүүс амны хаалт хэрэглэхгүй, юуны төлөө жагсаж байгаагаач мэдэхгүй уриа лоозон барьж зогсох нь цар тахал хүндрэхэд дэмжлэг үзүүлж байна гэхээс өөр аргагүй байна.