Дэлхийг солироос хамгаалах аппаратыг сансарт хөөргөжээ

Админ
2021/11/25

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын сансар судлалын NASA агентлаг бодит аюул учруулж болзошгүй сансрын биетүүдээс дэлхийг хамгаалах механизмыг турших DART (“Double Asteroid Redirection Test”-Хос солирын тойрог замыг өөрчлөх туршилт) зондыг сансарт хөөргөлөө.

Уг зондыг Калифорни муж улс дахь Ванденберг сансрын хүчний баазаас 11 дүгээр сарын 24-ний өдөр орон нутгийн цагаар 22 цаг 21 минутад “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөжээ.

Задгай сансарт гарсны дараа DART зөөгч пуужингаас салж, Дидим-Диморф хос солирыг чиглэн ниснэ. Гэхдээ 780 метрийн диаметртэй том солир Дидимээ тойрон эргэлдэж байдаг хэмжээгээр жижиг солир болох Диморфомтой /160 метрийн диаметртэй/ мөргөлдөхөөсөө өмнө бүтэн  жил шахам сансарт байх ажээ. DART аппарат Диморф руу цагт 24 мянган км-ийн хурдтайгаар нисэж очин мөргөх ёстой юм.

“Бидний мөргөхийг оролдох гэж байгаа солир бол хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн шиг том хэмжээтэй бол мөргөх аппарат нь хөргөгчний л хэмжээтэй” гэж NASA-ийн гараг судлалын газрын дарга Лори Глэйз ярьжээ.

Жижиг солирыг мөргөсний дараа том солироо тойрон нэг эргэлт хийх хугацаа хэдэн минутаар багасах бөгөөд хос солирын хоорондох зай багасаж, тойрог зам нь өөрчлөгдөх ёстой байна. Хэдийгээр тойрог замын хазайлт нь тийм ч их ач холбогдол өгөхгүй ч дэлхийгээс огторгуйн дурангаар ажиглахад хангалттай байх аж.

Дидим-Диморф хос солир нь нарыг тойрон эргэлддэг бөгөөд дэлхий рүү үе үе ойртдог ч одоогоор манай гарагт аюул учруулаагүй байгаа юм. Туршилтын зорилго нь ирээдүйд манай гарагтай мөргөлдөж болзошгүй аюултай солирууд гарч ирэх тохиолдолд траекторыг нь өөрчлөх механизмыг боловсруулах гэнэ. 

NASA 2016 онд Дэлхийг солироос хамгаалах үйл ажиллагааг зохицуулах газар байгуулжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэлхийгээс 48 сая км-ийн зайтай дэлхий орчмын сансар огторгуйн орон зайд манай гарагт аюул учруулж болзошгүй солир, сүүлт одыг хайж илрүүлж, хэмжээ, тойрог зам, химийн найрлагынх нь талаар мэдээлэл цуглуулж байгаа ажээ. 

Эх сурвалж: https://montsame.mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна