ЛОНДОН. /CTV/. Сармагчны цэцэг өвчин голчлон бүртгэгддэг Африкийн орнуудаас гадна илэрсэн уг өвчний тохиолдлын тоо 1000 давсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага лхагва гарагт мэдээллээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, тэдгээр эндемик бус оронд сармагчны цэцэг өвчний эрсдэл бодитой болж байгаа ч одоогийн байдлаар урьдчилан сэргийлэх боломжтой байна.
Сармагчны цэцэг өвчний тохиолдол тавдугаар сарын эхэн үеэс бүртгэгдэж эхэлснээсээ 29 оронд илрээд байгаа бөгөөд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Швейцарын Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр Т.Гебрейесус, энэ он гарсаар Африкт сармагчны цэцэг өвчний сэжигтэй 1400 гаруй тохиолдол илэрч, 66 өвчтөн нас барсан талаар мэдээлжээ. Үүнээс гадна зарим оронд олон нийтийн дунд тархаж буй шинж ажиглагдаж байгааг дурдсан байна. ДЭМБ сармагчны цэцгээр халдварласан хүмүүст гэртээ тусгаарлагдахыг зөвлөж байгаа юм.
ДЭМБ-ын Сармагчны цэцэг өвчний асуудал хариуцсан дарга Розамунд Льюисын хувьд, халдвар дамжих гол зам нь “халдвартай хүний биед хүрэх” гэдгийг онцлоод, вирус агаар дуслын замаар дамжих эрсдэл бий эсэхийг хараахан тогтоогоогүй байна гэв. Тэрбээр халдвар авсан өвчтөнүүдтэй ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд амны хаалт зүүх хэрэгтэй гэдгийг нэмж хэлжээ.
Мөн одоогоор илэрсэн халдварын тохиолдлуудын дийлэнх нь ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүдийн дунд бүртгэгдэж байгааг ДЭМБ мэдээлсэн ч эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдлууд мөн байгааг дурдсан байна. Тус байгууллага олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, тархалтыг зогсоохын тулд НҮБ-ын ХДХВ-тэй тэмцэх хөтөлбөр болон холбогдох бүлгүүдтэй хамтран ажиллаж байгаа ажээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, зарим оронд эмнэлгийн ажилтнууд болон халдвартай хүмүүсийн ойрын хавьтлуудыг вакцинжуулах асуудлыг авч үзэж магадгүй байна. Вакцинжуулалтад дэлхий нийт 1980 онд бүрэн ангижирсан салхин цэцгийн вакциныг хэрэглэх бөгөөд энэ вакцин нь сармагчны цэцгээс хамгаалж байгааг олон судалгаагаар тогтоожээ.
Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/29...
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!