Бэлэн мөнгөнд ханасан иргэд буюу хувьцаанд хувьсгал хийцгээе

Б.Ариунзаяа
2022/06/20

-“Баялагтаа эзэн Монгол”-ыг цогцлоох боломж нь Хөрөнгийн зах зээл-

Сонгууль бүрээр уран цэцэн үг урсгаж, сайн сайхан ирээдүйг амладаг улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөөр бол Монгол Улс  хэдийнэ хөгжингүй улс болчихсон. 2000 онд агаарын бохирдлоосоо салж, 2017 оноос эхлэн метрогоор явж эхлэх байлаа. Жил бүр 2 сая жуулчин хүлээн авч, хэд хэдэн үйлдвэр, цахилгаан станцыг ашиглалтад оруулж, түүгээр ч барахгүй шатахуунаа өөрсдөө улс дотроо үйлдвэрлэдэг болох байв. Харамсалтай нь популист амлалт, поп улстөрчдийн балгаар 30 жилийн өмнөх Монгол Улс бахь байдгаараа шахуу өнөөдрийг хүрлээ.  Хоосон амлалт, хөөсөрсөн эдийн засагтайгаа хамт хөмөрсөн тогоондоо попорцгоосоор байтал гурван хүн тутмын нэг нь ядуусын эгнээ рүү шилжжээ.  Яах вэ?

 Бэлэн мөнгө баялгийг  орлож чадахгүй

1990-ээд онд нэг гараанаас гарсан Вьетнам улсын ядуурлын түвшин 2010 онд 20 гаруй хувьтай байсан бол өнөөдөр 5 хувьд хүрч буурчээ. Дундаж давхаргын эзлэх хувь нь нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 3,800 орчим ам.долларт хүрсэн нь манай улсын  асуудал хэнд,  хаана байгааг харуулна 

Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд төрийн эрхэнд гарах гэж улайрахдаа хөгжлийг хойш татсан олон эсэргүү үйл ажиллагаа явуулсны  нэг нь бэлэн мөнгөний тараалт. 2004 оны сонгуулиас эхлээд итгэлийн 10 мянга, шинэ төрсөн хүүхдийн 100 мянга, залуу гэр бүлийн 500 мянга гэхчлэн бэлэн мөнгөөр  иргэдийн тархийг угааж, сүүлдээ иргэн бүрт 1 сая төгрөг, 1000 ам.доллар болж амлалтууд нь “төгөлдөржсөн”. Ганцхан жишээ дурдахад л бэлэн мөнгө анх амласан 2004 оны сонгуулийн дараа эрх баригчид амлалтаа биелүүлэхийн тулд 540 гаруй тэрбум төгрөгийг бэлнээр тараажээ. Үүнээс хойш намууд бэлэн мөнгө амлахгүй хэмээн хуульчилсан ч үе үеийн сонгуулиар шинэ төрсөн хүүхдийн 100 мянга, Оюутны 70 мянга хэмээн зүсээ хувиргаж, 2010 онд 345 тэрбум, 2011 онд 805 тэрбум төгрөгийг төсвөөс  тараасан тооцоо байна. 

Үе үеийн эрх баригчид энэхүү тараалтаа баялгийн шударга хуваарилалт хэмээн гоёор нэрлэж ирсэн. Гэвч мөнгө тараалт нь баялаг болж чадсан уу. Үнэндээ эдийн засагтаа нэрмээс болсон уу гэхээс нэмэр болоогүй нь их. Хий хоосон үнэ хөөрөгдөж, инфляц өсгөж, валютын ханш чангаруулж, иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосноор өөрөөр хөгжүүлэх нь байтугай  баяжуулсан ч үгүй. 


Хувьчлал хураах, хуримтлуулахын эх суурийг тавих уу  

“Оюутолгой” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш байгалийн баялгийн тэгш хуваарилалт монголчуудын хувьд хонгилын үзүүрт ёлтойх гэрэл нь болсон. Баялагтай орны иргэдэд баялгийнхаа хувь хүртэх боломжийг нээсэн.  Зах зээлийн шударга зарчмаар нэг талдаа бизнесийн буюу хөрөнгө оруулагч тал нөгөө талдаа баялгийн эзэд болсон Монгол Улсын иргэд ашгаа бизнесийн  шударга зарчим сайн хяналлтайгаар зөв хуваарилж тэгш хүртээж чадвал Монгол Улс маань Норвеги лугаа хөгжих боломж бий. Гэвч сонгуулийн цикл бүрээр гэрээнийх нь асуудал сөхөгдөж шинэчилж өөрчлөгддөг “Оюутолгой”-гоос ойрын хэдэн жилдээ энэ бүхнийг горьдох илүүц байх. Тэгэхээр яах вэ? Бидэнд өөр ямар боломж байна вэ? 

Монгол Улсыг аль социализмын үеэс  хагас зуун жил тэжээж үр өгөөжөө өгч ирсэн төрийн өмчит томоохон компаниуд бидэнд бий. Үүнийгээ олон нийтийн хувьцаат болгож, баялгаа иргэн бүрт тэгш хүртээх боломжоо хэзээ ашиглах вэ? 

Ялангуяа өнгөрсөн 30 гаруй жилийн турш Монгол Улсын тэжээж ирсэн Эрдэнэт үйлдвэр өдгөө 100 хувь төрийн мэдэлд шилжсэн. Энэ үйлдвэрийн хувьцааны тодорхой хэсгийг ард иргэддээ эзэмшүүлэх замаар баялгийн тэгш хуваарилалтын хийж яагаад болохгүй гэж.  Эрх баригчид яагаад үүний төлөө эс үйлдэл хийнэ вэ.  Эрдэнэт үйлдвэр энэ жил Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг 19 дахь удаагаа тэргүүлсэн. Өнгөрсөн онд  32.5 сая тонн хүдэр боловсруулж, түүхэн дээд амжилт тогтоосноос гадна  улс, орон нутгийн төсөвт 1.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Цар тахлын жилүүдэд Эрдэнэт үйлдвэр иргэдийнхээ цахилгаан, дулааны мөнгийг дааж, өдгөө 870 гаруй тэрбум төгрөгийг зарцуулаад буй. Хэрэв дээрх хөрөнгийн хувьцаанд шилжүүлж, “Эрдэнэс Таван толгой” компанийн 1072 хувьцаа шиг иргэн бүртээ  хувьцаа болгон тараасан бол илүү их өгөөж өгөх нь гарцаагүй биш үү. 

Саяхан гэхэд л эрх баригчид ахмадууддаа сар шинийн бэлэг барьж тэтгэврийн зээлийг нь тэглэсэн. Ганцхан удаагийн энэхүү шийдвэрт  911 тэрбумыг зарцуулсан тоон мэдээ бий.  Хэрэв энэ хэмжээгээр үнэлэгдэх хувьцааг зөвхөн ахмадуудад бус нийт иргэдэдээ тараасан бол өдийд бид инфляциа 15 хувь хүртэл хөөрөгдөхгүй байх боломж ч байсан юм биш үү.


Төрийн өмчит компаниудын хувьчлал хөрөнгийн зах зээлд “өнгө” нэмнэ

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн жил түүхэндээ анх удаа дэлхийн хамгийн өндөр ашигтай ажилласан биржийн нэгээр шалгарсныг Олон улсын санхүүгийн зах зээлийн мэдээллийн агентлаг болох “Никкей Азиа” онцолж байлаа. Өөрөөр хэлбэл Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил дэлхийд үнэлэгдэж эхэлсэн гэсэн үг. Тиймээс энэхүү идэвхтэй байгаа алтан үеэ ашиглаж, төрийн өмчит компаниудынхаа хувьчлалыг хийцгээе. Нэн ялангуяа уул уурхайн чиглэлийн компаниудынхаа тодорхой хэсгийг хувьчилж, цаашлаад стратегийн ач холбогдол бүхий ордуудаа эргэлтэд оруулж, хувьцаанд хувьсгал хийхийг дээрх бүх он жилүүдийн алдаа, оноо, амлалт, попролт ч үүнийг шаардаж байна. 

Одоогоос 10 гаруй жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани 1072 хувьцааг 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэн болгонд олгож байв. Хэдийгээр монголчууд найман жилийн дараа ногдол ашгаа анх хүртсэн ч энэ бол баялгаасаа хувь хүртсэний сүүлийн 30 жил дэх сонгодог анхны жишээ.  Харин одоо бидэнд энэхүү туршлага дээрээ үндэслээд “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр” гэх мэт томоохон орд газруудаасаа эхлээд төрийн өмчид компаниудынхаа хувьцаанаас илүү их ашиг хүртэх, хүртээх боломж байна. Хөрөнгийн зах зээлд ч энэхүү хувьсгалд бэлэн байна. 

Өнгөрсөн жилээс эхлэн монголын хөрөнгийн зах зээл "хос морьтой" болсон билээ. Иргэд үнэт цаасны зах зээлийг дан ганц Хөрөнгийн биржээр төсөөлж, хөрөнгийн зах зээлийг мөн л биржээр ойлгож ирсэн. Харин өнгөрсөн жилээс эхлэн хөрөнгийн зах зээлд биржийн бус зах зээлийн эрх зүйн орчин бүрдэж, арилжааг эхлүүлснээр мэргэжлийн хөрөнгө оруулагчдын арилжих салбар нэгээр нэмэгдсэн юм. Энэ оны эхний 4 сарын байдлаар биржийн бус зах зээлд нийт 33 компани үнэт цаасаа гаргаж, 373 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлжээ. Энэ мэтээр төрийн оролцоотой томоохон компаниудаа олон нийтийнх болгох замаар хөрөнгийн зах зээлээ дэмжиж, хувьцаагаараа хур баян иргэд болох боломж бидэнд дүүрэн байна.

“Баялагтаа эзэн Монгол” Ерөнхийлөгчийн амлалтыг хамгийн бодитой хэрэгжүүлэх боломж нь хөрөнгийн зах зээл. Энэ дэд бүтцийг ашиглаж, уул уурхайн баялаг дээр суурилсан орд газруудыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компанийн хувьцааны тодорхой хэсгийг олон нийтэд арилжаалах, хөрөнгийн зах зээлд тухайн компанийг нээлттэйгээр бүртгүүлэхээс баялгийн шударга хуваарилалт эхлэх юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна