ТАНИЛЦ: Хатан хаан II Элизаветагийн талаарх 10 сонирхолтой баримт

Админ
2022/09/16

ЛОНДОН. /DW/. Их Британийн түүхэнд хаан сэнтийд хамгийн удаан заларсан хатан хаан II Элизавета 96 насандаа таалал төгссөн билээ. Түүний талаарх сонирхолттой баримтуудыг та бүхэнд танилцуулъя.

1. Жилд хоёр удаа төрсөн өдрөө тэмдэглэдэг байсан

Хатан хаан II Элизавета 1926 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр мэндэлсэн ч 1748 онд II Жорж хааны эхлүүлсэн уламжлалын дагуу зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт төрсөн өдрөө тэмдэглэдэг байжээ. Жорж хаан 11 дүгээр сард мэндэлсэн бөгөөд энэ үеэр олон нийтээрээ баяр тэмдэглэхэд цаг агаар тохиромжгүй байдаг тул хоёр дахь төрсөн өдрөө жилийн сайхан цаг үед хийхээр шийдсэн түүхтэй.

2. Хатан хаан сургуульд явж байгаагүй

Өдөржингөө гэртээ тоглохыг хүсдэг хүүхдүүдэд энэ нь сонирхол татахуйц сонсогдож магадгүй юм. Гэхдээ хатан хаан үүний оронд үндсэн хуулийн түүх, хууль, франц хэл зэргийг заадаг хувийн багш нартай байсан ажээ. Гэсэн хэдий ч тэрбээр албан боловсрол эзэмшээгүй талаараа үе үе дурсдаг байжээ.

3. Нөхөртэйгээ хамаатан байсан

Хунтайж, Эдинбургийн гүн агсан Филипп нь хатан хаан II Елизаветагийн үеэл байсан бөгөөд хоёул хатан хаан Викториагийн гуч нар юм. Элизавета дөнгөж 13 настай байхдаа хунтайжтай хайр сэтгэлээр холбогдож, улмаар 1947 оны 11 дүгээр сард гэрлэжээ. Хатан хаан дэлхийн II дайны дараа хуримтлуулсан хүнсний талоноо ашиглан хуримын даашинзны материалаа худалдаж авснаараа алдартай билээ.

4. Хувийн загвар зохион бүтээгчтэй байсан

Хааны гэр бүлийн загвар зохион бүтээгч байсан Норман Хартнелл /1901-1979/ Элизавета гүнжийн хуримын даашинз болон титэм өргөх ёслолд зориулсан хувцсыг урласнаараа алдартай. “Vogue UK” сэтгүүлийн мэдээлснээр, Н.Хартнелл даашинзны есөн хувилбарыг урласан бөгөөд хатан хаан Британийн мэдлийн бүх улс орны цэцэгсийн бэлгэ тэмдэг бүхий даашинзыг сонгон өмссөн байна.

5. Түүний титэм дэх үнэт эрдэнэст Энэтхэгийн алмаз бий

Перс хэлээр “Дэлхийн гэрэл гэгээ” гэсэн утгатай "Кох-и-ноор" алмазыг Британийн колоничлогчид Пунжабын захирагчаас хулгайлсан гэж үздэг бөгөөд олон энэтхэгчүүдийн хувьд таагүй дурсамжийг тээдэг байна. 108 каратын алмаз эрдэнэ нь хатан хаан II Елизаветагийн титмийн нэгээхэн хэсэг юм.

6. Хаан сэнтийд хамгийн удаан заларсан

Элизавета 1952 оны хоёрдугаар сарын 6-нд эцэг VI Жорж хааныг нас барсны дараа хатан хаан болсон юм. Элэнц эмээ, хатан хаан Викториа нь 1837-1901 он хүртэл 63 жилийн турш төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэсэн бол Элизавета хаан сэнтийд 70 жил заларсан билээ.

7. Түүнд паспорт, жолооны үнэмлэх хэрэггүй

“Их Британийн паспортыг Эрхэм дээдсийн нэрийн дор олгодог тул хатан хаан паспорт эзэмших шаардлагагүй” гэж тус улсын хааны гэр бүлийн албан ёсны цахим хуудсанд бичжээ. Гэхдээ Эдинбургийн талийгаач гүн, Уэльсийн хунтайж зэрэг бусад бүх гишүүн паспорттай байна. Тэрбээр мөн Их Британид жолооны үнэмлэх эзэмших шаардлагагүй цорын ганц хүн юм.

8. Тэрбээр корги ноходыг ихэд хайрладаг байв

Нохой болгоны амьдрал өдөр өдрөөр өнгөрдөг ч хааны тэжээвэр амьтдын хувьд энгийн амьтдаас илүү жаргалтай өдрүүдийг өнгөрүүлдэг нь гарцаагүй. 1930-аад оны үед аав нь Дуки хэмээх корги авснаар хатан хаан корги ноходыг хайрлаж эхэлжээ.

9. 200 гаруй кино, телевизийн цувралд дүрээ мөнхөлсөн

“IMDb” цахим хуудсанд мэдээлснээр, хатан хаан II Елизавета 220 гаруй баримтат болон уран сайхны кино, мөн телевизийн цувралд дүрээ мөнхөлжээ. Мөн түүнийг “кино, телевизийн салбарыг онцгойлон ивээж байсныг үнэлэн” 2013 онд “BAFTA” шагнал хүртээжээ.

10. Британийн хамгийн чинээлэг эрхэм биш

"Sunday Times" сонинд мэдээлснээр, хатан хааны хөрөнгө 370 сая фунт стерлингээр /426 сая евро, 430 сая ам.доллар/ үнэлэгдэж байжээ. Гэвч хатан хааны хөрөнгө 10 тэрбум фунт стерлингийн /11.5 тэрбум евро, 11.6 тэрбум ам.доллар/ хөрөнгөтэй Вестминстерийн гүн зэрэг Их Британийн бусад чинээлэг эрхмүүдийнхтэй харьцуулахад даруухан гэж хэлж болно. 

Эх сурвалж: Б.Сарангоо https://montsame.mn/mn/read/30...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна