Мита Госавами: Тогтвортой хөгжил гэдэг нь эрүүл, амар амгалан, байгаль орчиндоо ээлтэй амьдрах гэх маш энгийн ойлголт

Админ
2022/09/26

Швейцарийн хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн эхний шат дуусч, хоёр дахь нь эхэлсэн. Энд 6 аймаг, нийслэлийн хоёр дүүргийн 30 дунд сургууль хамрагдан эко загвар сургууль болохоор ажиллаж байна. Төслийн зөвлөх, олон улсын шинжээч Мита Госавамитай ярилцлаа.

-Ярилцлагаа Тогтвортой хөгжил гэдгийг хамгийн энгийнээр хэрхэн тайлбарлаж, ойлгох вэ гэдгээс эхэлье?

-Тогтвортой хөгжил гэдгийг том, комплекс байдлаар хүлээн авах хэрэггүй юм. Энэ бол хүн эрүүл, амар амгалан, байгаль орчиндоо ээлтэй амьдрах гэсэн маш энгийн ойлголт. Энэ талын ойлголт мэдлэгийг өнөөдөр хөгжлийн шатанд заавал анги, танхимаар хичээл зааж олгохоос илүүтэй мэдээллийн төрөл бүрийн эх сурвалжаас олж авах боломж бүрдсэн. Мөн амьдралаас ч сурч болдог, гол нь үнэт зүйлсийг ойлгож мэдэх хандлагын асуудал юм. Цаасан дээр бичсэн уриа лоозон гэхээсээ илүү хүн байгаль дэлхийгээ яаж хайрлаж амьдрах юм гэсэн амар амгалан юм. Эцсийн цэг нь энэ.

Өнөөдөр дэлхий нийтээр Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дагаж, бүх нийтээр тогтвортой хөгжихийн төлөө ийм тийм зүйл хийнэ гэж төлөвлөн гаргаж байна. Гэхдээ энэ нь тэдгээр зорилтыг автоматаар даган мөрдөнө гэсэн үг биш. Тогтвортой хөгжлийн зорилгын үзэл баримтлалыг улс орныхоо онцлогт тохируулан, хүн бүр мөн чанарыг нь ойлгон хялбараар шийдэж болно. Ялангуяа, бусад орныг бодвол монголчууд байгальдаа ойрхон байдаг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах өв уламжлал бүхий онцлог шинж чанартай хүмүүс юм. Тиймээс өөрийнхөө онцлогт таарсан байдлаар ойлгож хэрэгжүүлэх нь чухал.

-Манай улсаас санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөнийг тухайн улсын өөрийн онцлогоос үүдэлтэй гэж үзэж болох уу?

-Тиймээ. Ийм олон нийтийн хөдөлгөөн тухайн улс орны онцлог, нөхцөл байдлаас үүдэх жишээ олон. Манай Энэтхэгт ч модыг их тарьж ургуулдаг. Мөн зааны нүүдэлтэй холбоотойгоор байгаль орчноо хамгаалахаас гадна зааны идэш тэжээлийг тарьж бэлтгэх хөдөлгөөн үүсч байсан. Төр, засгийн хувьд өрнүүлж буй санаачилгад танай улсын “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэлж болно. Мод тарина гэдэг урт хугацааны үйл ажиллагаа. Тиймээс энд мөн урт хугацааны бодлого хэрэгтэй. Нэг модыг тарьж, арчилж ургуулна гэдэг 30 жилийн тууштай байдлыг шаарддаг. Монгол Улс энэ ажлыг эхүүлж байгаа нь улс орноо дахин ойжуулахын эхний амжилтын үүд юм.

Энэтхэгт Жадав (Jadav Payng)-ын ойн хөдөлгөөн бий. Энд сургуулийн хүүхдүүдийг өргөн хамруулж, мод бүрийг тэдний нэрээр нэрлэн хүүхдүүд зуны амралтаараа очин өөрийн модоо арчилж тарьж ургуулдаг. Ийм жишиг жишээг түгээж сурталчлах хэрэгтэй. Тогтвтортой хөгжлийн сурах бичигтээ оруулах нь чухал үр дүнтэй. Ингэснээр олон нийтийн идэвхийг сэргээж сэдэлжих давуу талтай. Гагцхүү улс орон бүр тогттвортой хөгжлийн төлөө, дэлхий ертөнц, улс орноо уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах болон гарч болзошгүй, учирч болох байгалийн гамшигт үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс өөрөөсөө шалтгаалах зүйлийг хийх учиртай. Бид хичнээн ухаантай байгаад, зүгээр суугаад юунд ч нөлөөлж чадахгүй. Хүмүүсийн ойлголт, хандлагаас ихээхэн зүйл хамаарч шалтгаална.  

-Тогтвортой хөгжлийн боловсролыг улс орнууд хэрхэн түгээх вэ? Мөн өөрийн онцлогт тааруулах уу?

-Тогтвортой хөгжлийн боловсролыг:

  • сургуульд суурилсан сургалтын хөтөлбөр,
  • тухайн орчины онцлог үйл ажиллагаанд суурилсан,
  • мөн төсөлд суурилсан сургалтын хөтөлбөр гэсэн 3 байдлаар төрөлжин хуваадаг байна.

Эдгээр нь тус тусын онцлогоор сургалтаа туршин явуулж, дундын мониторингоор үр дүнгээ гаргадаг. Ингэснээр бүх нийтэд зориулсан ном, гарын авлага гаргадаг.

ТХБ нь академи сургалт, сургалтын хөтөлбөрөөс гадна түрүүн дурдсанаар амьдрал дээр суралцах нь чухал. Байгаль орчиндоо ойр амьдардаг Монголд энэ нь хэрэгжих боломжтой. Бичил орчин чухал. Жишээ нь, бидний очиж байсан Архангай аймгийн Тариат болон Батцэнгэл суманд байгалийн баялаг жимс болон сарлагийн бор хөөврийг боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж болно. Бүрэн боломж нөхцөл байна. Бид Батцэнгэл сумын сурагч хүүхдүүдтэй ярилцаж байхад 20 нь сумандаа үлдмээр байна гэсэн саналыг хэлж байсан. Нэг ангийн 35 хүүхдээс шүү дээ.

Энэ нь орон нутагт тохирсон Тогтвортой хөгжлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэйг хэлж буй жишээ. Тиймээс баялгаа, үнэт зүйлсээ бүтээгээд орон нутгаа хөгжүүлж, тэндээ сайхан амьдарч болно гэсэн сэтгэлгээг хөгжүүлэх нь чухал. Энэ нь орон нутагтаа тохирсон, өөрийн онцлогтой боловсролын, сургалтын хөтөлбөр төслийг боловсруулан хэрэгжүүлж, вакум орчин нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Ингэснээр нөгөө талдаа төвлөрлийг сааруулна. Үүнийг төр, засаг Тогтвортой хөгжлийн бодлогоор зохицуулах хэрэгтэй.

Тодруулга: Мита Госавами нь олон улсын “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн шугмаар зарласан тендерт ялж Монгол Улсад ирж 2019 оноос тус төсөл дээр ажиллаж байна. Боловсролын багш мэргэжилтэй тэрбээр олон улсын байгаль орчны байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-д мэргэжилтнээр, Энэтхэгийн их, дээд сургуульд тэнхимын эрхлэгчээр ажиллан, боловсрол Тогтвортой хөгжлийн уялдаа холбоог судалж иржээ. Тэрбээр мөн олон улсын “Пингвин” сэтгүүлд нийтлэл бичдэг нийтлэлч юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна