Э.Сноуденд Оросын иргэншил олгожээ

Админ
2022/09/27

МОСКВА. /BBC/. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн /NSA/ ажилтан асан Эдвард Сноуденд Оросын иргэншил олгожээ. Тэрбээр АНУ-ын тагнуулын байгууллагын нууц мэдээллийг олон нийтэд ил болгож байсан юм. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин холбогдох зарлигт даваа гарагт гарын үсэг зурсан байна.

Өдгөө 39 настай Э.Сноуден 2013 онд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн хяналт ажиглалтын үйл ажиллагааны талаарх нууц мэдээллийг ил болгосноосоо хойш Орост дүрвэн амьдарч байгаа юм. АНУ-д тагнуулын хэрэгт буруутгагдаж буй түүний хувьд одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

2020 онд АНУ-ын Давж заалдах шатны шүүх олон сая америкчуудын утасны бичлэгийг хянасан Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тандалтыг хууль бус гэж үзжээ. Түүний дараа Э.Сноуден өөрийг нь буруугүй гэдгийг баталсан шийдвэр гарлаа гэж бодож байгаагаа илэрхийлсэн байна.  

АНУ-ын тагнуулын байгууллагын удирдлагууд Э.Сноуденийг нотлох баримтыг дэлгэх хүртэл “NSA” хувийн утасны бичлэгээс мэдээлэл цуглуулдаггүй гэж олон нийтэд мэдэгдэж байжээ. Харин дээрх мэдээлэл илчлэгдсэний дараа “NSA”-ийн хяналт ажиглалт нь терроризмтой тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж мэдээлсэн байна.

Даваа гарагт Э.Сноудений өмгөөлөгч Анатолий Кучерена мэдээлэхдээ, үйлчлүүлэгч нь Оросын армид алба хааж байгаагүй тул өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч В.Путиний зарласан хэсэгчилсэн дайчилгааны хүрээнд дуудагдахгүй гэсэн байна. 

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/30...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна