Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн талаарх хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөний талаар ярилцсан юм. Төслийн бүтээн байгуулалт нь Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Баяннуур, Эрдэнэбүрэн, Мянгат, Өмнөговь гэсэн 4 сумын газар нутгийг хамарч буй аж. 

Төслийн зохицуулагч Ч.Гантулга: 

- Төслийн нөлөөлөлд 270 айл өрх, 1241 иргэд өртөж байгаа бөгөөд тус иргэдийн бүртгэл, тоон мэдээллийг баримтжуулах ажлыг хийсэн.  Нөлөөлөлд хамрагдаж буй малчин айл өрхийн иргэн бүрд 15.2 сая төгрөгийн нөхөн олговрыг олгох Засгийн газрын шийдвэр энэ оны 4 дүгээр сард гарсан. Шинээр үүсгэх усан сангийн талбай нь 9871 га газрыг хамарна.  Улсын тусгай хэрэгцээнд 28 мянган га газрыг авчсан. Ингэхдээ сум, аймгийн ИТХ-аас гарсан тогтоол, шийдвэр, Засаг дарга нарын захирамж болон төр, засгийн холбогдох төв байгууллагууд, Геодизи, зураг зүйн газраар дамжин Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлэсэн гэлээ. 

Мөн тэрбээр дээр дурдсан 28 мянган га газрын 9871 га газарт нуур үүснэ гэдгийг тодотгож, үүнийг зарим хэвлэл мэдээлллийн хэрэгслээр нутгийн иргэдийг усанд шивүүлэх гэж байна, айл өрх, малчдын амьдрах боломж, нөхцөлийг хааж, хязгаарлаж байна хэмээн ташаа мэдээлж буйг хэллээ. Өнөөдөр Засгийн газар, ЭХЯ, төслийг хэрэгжүүлэгч нэгж нуур үүсгэх талбайн газрыг чөлөөлөх талаар ярьж байгаа болохоос биш айл өрхийг өнөө маргаашгүй, энэ жилдээ нүүлгэж, хөөж тууж буй асуудал, үйл ажиллагаа огт байхгүй гэдгийг онцолж хэлэв.


Техникийн ухааны доктор, профессор, усны барилга байгууламжийн Монгол Улсын зөвлөх инженер Ц.Сосорбарам: 

- Төслийн бүтээн байгуулалтын байгаль орчны нэгдсэн үнэлгээг 2020-2021 онд хийж, өнгөрсөн оны 11 дүгээр сард БОАЖЯ-ны мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Ингэхдээ бид гурван жил ажиллаж, байгалийн бүрэлдэхүүн болох ус, агаарыг нь судалсан. БОАЖЯ-наас зарласан тендерт 14 компани оролцон, хоёр компанийн нэгдэл шалгарч, энэ ажлыг гүйцэтгэсэн. УЦС Ховд голд болон мод, модлог ургамал, ургамлын бүрхэвчид ямар нөлөө үзүүлэхийг эрдэмтэд судалсан. Энд УЦС барьснаар ургамалд нөлөөлөхгүй.  Байгаль орчны үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулж, нутгийн иргэдийн саналыг авах талаар тусгасан. Анх судалгаа хийхэд 30 орчим айл газрын эзэмших гэрчилгээтэй байсан бол одоо 170 болж өссөн. Тарвагатайн хавцлыг бид судалсан. Сагсайн хавцалд мөн усан цахилгаан станц барих нь зөв гэсэн дүгнэлтийг Оросын эрдэмтэд ЗХУ-ын үед хийсэн гэв.

Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн Улаанбаатар хот дахь биет төлөөлөгч Д.Жаргалсайхан: 

Улиаст багтай ойлголцох л асуудал байгаа юм.  Тэнд УЦС барихыг эсэргүүцэж байгаа нэг ч малчин байхгүй. Зөвхөн амьдрах гэж байгаа газар нь амьжиргаагүй болчих гээд байгаа учраас тэмцээд байгаа юм. Тиймээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийнхнийг хандлагаа өөрчлөөчээ гэж гуймаар байна. Зохион байгуулалттайгаар турхирч буй асуудал ерөөсөө байхгүй. Дотоод чаатыг нь хараад, ажиглаад байж байна.  Гэвч трактораар түрлээ гэдэг асуудлаас хойш хуваагдаад байсан хүмүүс нэгдчихлээ.  Зохион байгуулалттайгаар турхирч байна гээд та нар байнга ярьж байна. Хэн малчидтай очиж уулздаг юм бэ. Тэд маргааш миний амьдрах газар байхгүй болчхож байна гээд амь тавьж байгаа хүмүүс гэв.