Малчдын түншлэл хөрөнгийн бирж дээр шинэ IPO дуулгах цаг айсуй

Админ
2022/11/25

“Иргэн баян бол улс баян” хэмээн Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Солийн Данзан хэлж байсан. Түүний үг өнөө бидний орой руу орж буй. Цаг хугацаа улирах тусам энэ үг бүдгэрэх бус тодорч, дэвшүүлсэн үзэл санаа нь улам батжиж байна. Улс орны аж байдлын “толь” нь иргэдийн амьдрал ахуй, түүний чанар юм. Ажилтай, орлоготой байна уу. Өрхийн орлого нь өнөөдрийн амьдрах зардалд хүрэлцэж байгаа эсэх гээд нарийн өгүүлж болохоор.

Хамгийн ойрын жишээ гэвэл гурил, будаа, сахар зэрэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 30, 40 хувиар өссөн. Харин энэ хугацаанд иргэдийн цалин орлого, тэтгэвэр тэтгэмж тэр хэрээр нэмэгдсэн үү гэвэл үгүй.
Малчдын хувьд орлогын гол эх үүсвэр нь болж ирсэн ноос ноолуур, арьс шир, мах, сүү, цагаан идээ гээд малаас гарган авч байгаа түүхий эдийн үнэ ченжүүдийн өмнө өндөр үнэтэй биш, асар хямд байгаа.

Шалтгаан нь нэмүү өртөг шингээгүй, боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болоогүйтэй холбоотой юм. Хот, хөдөөгүй өрхийн амьжиргаа сульдаж, өр зээлийн хэмжээ нэмэгдэж, үнийн өсөлт туйлдуулж эхэлсэн. Ийм цаг үед хэрхэн аж амьдралаа дээшлүүлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, малаас авч байгаа түүхий эдээ яаж үнэ цэнэтэй, өгөөж арвин байлгах, ашиг шимийг нь өсгөх талаар Говь-Алтай аймаг анх удаа энэ сарын 19-нд 3000 малчин оролцсон чуулга уулзалт зохион байгуулсан билээ.

Урьд өмнө Монгол Улсын хэмжээнд 3000 малчин нэг дор тулсан, тулгамдсан асуудлаа нээлттэй, илэн далангүй хэлэлцэж, шийдэл эрэлхийлж байсангүй. Чуулга уулзалтын уриа, зорилго их энгийн. “Алтайн хөгжлийн шийдэл, гарц” гэсэн товч тодорхой арга хэмжээнд Говь-Алтай аймгийн нийт малчин өрхийн 40 гаруй хувь нь оролцож, аймгийн удирдлага юу санаж, сэдэж, зорьж байгаа, зах зээлийн өнөөгийн нөөц боломж, чиг хандлага, эрдэмтэн судлаачдын байр суурь, хувийн хэвшил ямар санал хэлж байгааг нүдээрээ харж, чихээрээ сонсоод буцлаа.

300 малчин аймгийн төвд цуглаж байсан нь цөөнгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 1000 малчин улсын нийслэлд уулзаж байсан нь бий. Харин 3000 малчин аймгийн төвд нэг дор бүтэн өдрийн турш чөлөө завсаргүй хэлэлцэж байсан тохиолдол бараг байхгүй байх. Ажил хэрэгч хөтөлбөр нь аймгийн төвөө зориод ирсэн бүхнийг завгүй байлгаж чадна лээ. Өвлийн идшээ бэлтгэх, зах зээл рүү заримыг нь мөнгөжүүлэх, өвөлжөөгөө дулаалах зэрэг их ажлын дундуур энэхүү форум болж таарав. Тийм боловч оролцоо өндөр, танхим дүүрэн байлаа.


Малаа жил болгон тоолдог боловч малчнаа мартсан цаг үе...
-------------------------------------------


Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Дундговь, Булган аймагтай “нөхөрлөх” болсон Говь-Алтай аймгийн хувьд нийслэлтэй засмал замаар холбогдоод хоёр жил болж байна. Аймгийн төв ундны усны асуудлаа нэг мөр шийдээд жил шахам болчихлоо. Хоёр том асуудал нь энэ байсан. Үүнийг эхлүүлэх, бүтээх, төсөвт зардал мөнгийг нь багтаах, цаг хугацаанд нь ашиглалтад оруулахад УИХ-ын гишүүн С.Раднаасэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг нутгийн зон олон мэднэ. Засмал замтай болсноор цаг хугацаа, санхүү мөнгөний хэмнэлт гээд эндээс иргэн болгоны амьдралд, өрхийн төсөвт шууд болон шууд бус байдлаар хүрэх тус нэмэр их.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Хамтрах уу, Хоцрох уу, Нэгдэх үү, Үлдэх үү, Хорших уу, Хөгжих үү...” гэсэн үг болгон нь асуулт тавьсан, хариулт нэхсэн, бодол, ухаан гүйлгэсэн чуулга уулзалтын үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Хэн ч бусдаас хоцрох, хойно нь үлдэхийг хүсэхгүй. Тийм болохоор хамтрах, нэгдэх, хорших, хөгжих боломжийн төлөө 3000 малчин индрийн зүг чих тавьсан юм. Түүний хувьд хоёр дахь удаагаа аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа. Улс төрд ч, уул их Алтайдаа ч танигдсан нэгэн.
Дархан-Уул аймгаас өвс, тэжээлийн аюулгүй нөөцөө бэлтгэж, 90 орчим сая төгрөгийн төсөв хэмнэсэн, Дөргөн нуурын хөвөөнд аймгийнхаа гэр бүлгүй, ганц бие залуусын уулзалт арга хэмжээг анх удаа зохион байгуулсан, улсдаа мартагдсан Нарансэвстэйн боомтыг нээх асуудлыг гаргаж ирж тавьсан гээд энэ онд түүний сэдсэн, хийсэн, эхлүүлсэн бүхэн нийгмийн сүлжээнд анхаарлын төвд байлаа. Удаах нь 3000 малчны чуулга уулзалт болж байна.

Манай улс жил болгон малаа тоолдог боловч малчдынхаа эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, өв соёл, уламжлал, хэлхээг нь үл тоодог. “Цаашид ийм байж таарахгүй” гэдгийг Говь-Алтай аймаг үндсэндээ харуулчихлаа. Малчдын чуулганаар боловсрол, эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтөөс эхлээд бэлчээрийн доройтол, малын хулгай, түүнтэй хэрхэн тэмцэж байгаа, ноос ноолуурын үйлдвэрлэлийн хэтийн төлөв, орон нутгийн боломж, малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт гээд нарийн мэдээлэл агуулсан илтгэлүүд чуулга уулзалтын өнгө, өнцөг нь байлаа. Тэрчлэн малчны санхүүгийн боловсролд хүртэл хөрөнгө оруулалт болох илтгэл багтсан байв. Говь-Алтай аймгийн ДНБ-ий 54.3 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна.


Г.Хүрэлсүх: Малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байна
------------------------------------------


Орон нутагт, тэр тусмаа малчдын өмнө тулгамдаж буй асуудал бол малын гаралтай түүхий эдийн үнэгүйдэл. Үүнийг “Хорол коллекшн” компанийн захирал Г.Хүрэлсүх илтгэлдээ хөндсөн бол түүнтэй санал нэг байгаагаа “Монгол брэнд шийр индекс”-ийн захирал С.Алтансүх хуваалцсан юм. Тэд малын гаралтай түүхий эдийг брэнд болгохоор зорьж буй. Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар "Нутаг, нутгийн өөрийн гэсэн онцлог, ялгарал байдаг. Үүнийг хадгалах, авч үлдэх нь чухал" гэж тодотгосон юм.

Говь-Алтай аймгийн төвөөс хамгийн хол суурин бол Алтай сум. Тус сумын Урт багаас чуулганд ирж оролцсон Улсын аварга малчин Д.Ганболд “Хонины ноос, арьс шир хаягдах, гуу жалгаар үзэгдэх болсон нь сэтгэл эмзэглэхэд хүрдэг” гэв. Малчин хүн гэлтгүй Монгол хүний бодох, санах, сэрэх ёстой асуудал энэ байх.

Малчдын ахуй амьжиргаа дорвитой дээшлэхгүй, малын тоо өссөн ч дээрдэхгүй байгаа бас нэг шалтгаан нь дээрх асуудал юм. Говь-Алтай аймаг нийт 8189 малчин өрхтэй, 2.9 сая толгой малтай. Нийгэм, эдийн засгийн тулгуур нь хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуй дотроо нүүдлийн мал аж ахуй цөм хэсэг нь. Малын гаралтай түүхий эдийн худалдан борлуулах зах зээл нь хол, нэмүү өртөг шингээх, угаах, боловсруулах, ээрэх үйлдвэр байхгүй. Арьс шир, хонины ноос хогийн цэг дээр хөглөрч хэвтэх нь жирийн үзэгдэл. Угтаа энэ бүхэн мөнгө. Угааж, боловсруулах тусам баялаг. Гэвч өнөөдрийг хүртэл мах, ноолуураас бусад нь үнэд хүрэлгүй, үнэ хүргэх талаар ч санал санаачилга гаралгүй хаягдаж ирсэн байна. Тиймээс малчдын түншлэл дор хамтын /дундын / үйлдвэр байгуулах санаачилгыг Говь-Алтай аймаг гаргасан юм. Дөнгөж л эхлэл цэг дээрээ энэ ажил ирж байна.

Дундын үйлдвэр нь хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах юм. Малаас гарч байгаа бүхэн эзнээ эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх боломжтой. Үүнд хүрэх зам нь ерөөсөө л боловсруулах, нэмүү өртөг шингээх. Ингэснээр тээврийн өртөг зардал хямдрах, зах зээлийн өрсөлдөх чадвар нэмэгдэх, эрэлт хэрэгцээ нь өсөх, борлуулахад улам амар хялбар болох, орон нутагт ажлын байр шинээр гарч ирж, дагалдах үйлдвэр, үйлчилгээ хөгжих, кластерын сүлжээ бүрдэхээр байна. Дээрх зах зээлийн орон зай, хэрэгцээ шаардлагыг Говь-Алтай аймаг урьдчилж олоод харжээ.


Малын эзэн үндэсний хөрөнгө оруулагч байх боломжтой
----------------------------------------


Малчид өөрсдөө хөрөнгө оруулалт хийж, хувьцааг нь эзэмших замаар малын гаралтай түүхий эдээ боловсруулах үйлдвэрийг байгуулах яриа, хэлцэл “Алтайн хөгжлийн шийдэл, гарц” чуулга уулзалтын гол үр дүнгийн нэг нь гэж хэлж болж байна. 88 гишүүнтэй ажлын хэсэг энэ үеэр байгуулагдаж, үйлдвэрийн тооцоо судалгаа, төсөл хөтөлбөр боловсруулах, дахин дахин хэлэлцэх, нэгдсэн нарийн зохион байгуулалт руу орох, төлөвлөгөө гаргах, хувьцаат компанийн туршлагыг судлах зэрэг их ажил руу шилжиж байна.

Алтай нутгаа хөгжүүлэх, Алтайчуудын аж амьдрал сайжрах бодит гарцуудын нэг нь мал аж ахуй. Тэр дотроо малын гаралтай түүхий эдээ боловсруулах, нэмүү өртөг шингээх нь туйлын зөв гэдгийг эргэлт буцалтгүй иргэд тунгаажээ. Үүнийг орон нутгийн удирдлага, малчид хамтдаа хэлэлцэн тодорхойлж, хөдөө аж ахуйн салбарт хувьсгал хийх хэмжээний итгэлцэл, шийдэлд хүрэв. Түүхий эд нь, ажиллах хүч нь байна. Үүнийг түшиглэн ирэх нэгэн өдөр хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжаалах, IPO гаргах, нээлттэй хувьцаат компани малчдын дундаас гарч ирэхэд тун ойрхон байна.

Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол, түүний ашиг тусыг олон нийт ихээхэн сонирхож, банкны IPO, хувьцааны арилжаа руу хөл тавьж буй. Мөнгөө өсгөх, дунд болон урт хугацаанд үнэ цэнэтэй, өгөөжтэй байлгах гэж тэр. Төгрөгийн ханш ихээр унасан, мөнгөн хадгаламжийн өгөөж муудсан гээд олон хүчин зүйл үүнд давхар, давхар нөлөөлж байгаа. Банк санхүүгийн салбарт нөлөө бүхий гэгдэх Төрийн банк болон Голомт, ХААН, Худалдаа хөгжлийн банк иргэдэд нийт хувьцааныхаа тодорхой хэсгийг санал болгох, улмаар хувьцаа эзэмшигчдийн эгнээгээ тэлж, олон нийтийн засаглалтай, нээлттэй хувьцаат компани болж эхэлсэн.

Эдгээр банкны тэр тусмаа Төрийн банк болон ХААН банкны хамгийн үнэнч, идэвхтэй харилцагчид нь малчид. Хэрэгцээт зээлээ ч авдаг, ноос ноолуур, малын мах, сүү цагаан идээгээ борлуулаад хуримтлал үүсгэж чаддаг, хадгаламж нь хамгийн тогтвортой, санхүүгийн сахилга бат өндөр хүмүүс бол малчид.


Үйлдвэржихгүй бол хөгжихгүй нь...
----------------------------------------
Үйлдвэржихгүй бол хөгжихгүй нь гэдгийг сүүлийн 30 жилийн нөхцөл байдал бидэнд тод харуулсан. Түүхий эд нь байгаа боловч түүнийгээ боловсруулах, нэмүү өртөг шингээх ажил энэ хугацаанд орхигдсон. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ч манай улс түүхий эд бэлтгэн нийлүүлэгчийн хэмжээнд байлаа. Тэгвэл энэхүү туулсан замналыг орвонгоор нь өөрчлөх, өөрсдөө үйлдвэрийн эзэн байх, малын гаралтай түүхий эдээ үнэ цэнэтэй баялаг болгох санаачилга Говь-Алтай аймгаас ийнхүү эхлэв.

Өргөн цар хүрээг хамарч чадсан малчдын чуулган шинэ түншлэлийн загварыг орон нутагт бойжуулахаар болж байна. Мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг ахиулах том амбийц, хүсэл дор “Алтайн хөгжлийн шийдэл, гарц” сэдэвт чуулга уулзалт болсон юм. Зуслан дээрээ эсвэл намаржаан дээрээ орхиод нүүдэг байсан арьс шир, хонины ноос, хялгас, хөөвөр одоо “ногоон алт” болж, малчин өрхийн амьжиргааг тэтгэх орлогын “хадгаламж” болох цаг наашлах нь.

Мал аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр байгуулах талаар зохион байгуулагчдын зүгээс судалгаа авсан нь сонирхолтой үр дүнд хөтлөв. Малчдын 99 хувь нь ийм үйлдвэр байх ёстой, хамтарч байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Хувьцаа эзэмших буюу хувь нийлүүлэх хөрөнгөө бэлэн мөнгө болон мал, арьс шир, ноос ноолуураар баталгаажуулах сонирхолтой байгаа нь судалгааны дүнгээс харагдсан юм.


Хамгийн ойрхон байгаа худалдааны боомтоо бид ашиглах ёстой
-------------------------------------------


“Нутагтаа малын эзэн үйлдвэрийн эзэн болцгооё” гэж арга хэмжээг зохион байгуулсан аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар уриалсан юм. Энэ өгүүлбэр боломж хэр ойрхон байгааг, хамтрах, хорших, нэгдэх, нийлэхийн хүчийг илэрхийлнэ. Хөдөө аж ахуй чухамхүү эдийн засгийн түшиг тулгуур нь мөн боловч үүнд түшиглэсэн үйлдвэржилт 100 жилээр хоцрогджээ. Малын гаралтай түүхий эдээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож чадахгүй болтлоо төрийн бодлого нь доройтсон байна. Үүнийг “Алтайн хөгжлийн шийдэл, гарц” чуулганы үеэр илүүтэй мэдэрлээ.

Уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспорт тааруу, үнэ хямд байх жилүүдэд улсын эдийн засгийг хөдөө аж ахуйн салбар хямрал, хүндрэлээс үргэлж авч гарсан байдаг юм. Одоо ч хөдөө аж ахуй байгаа тулдаа эдийн засаг хасах бус нэмэх утга зааж буй.

Малчдын чуулганы үеэр сэдэрсэн өөр нэгэн сэдэв бол боомт байлаа. Говь-Алтай аймаг худалдааны хоёр том боомттой боловч нэг нь төмрийн хүдрээр /Бургастай/ хязгаарлагдсан, Ази Европыг холбосон Торгоны замтай хамгийн ойрхон нь 30 жил /Нарансэвстэй/ хаалттай байна. Нийслэл Улаанбаатараас аймгийн төв нь 1000 км зайтай, холын сум нь 1500, 1600 км алслагдсан тус аймгийн хувьд гадаад зах зээл нь Замын-Үүд.

Өргөн хэрэглээний хамаг бараа бүтээгдэхүүнээ зөөх, эргүүлээд ноос ноолуур, арьс ширээ хүргэн борлуулах Замын-Үүд боомт Алтай хотоос даруй 1700 гаруй км алс. Говь-Алтайчуудын хувьд наашаа биш цаашаа гарах худалдааны гарц нь хамгийн дөт билээ. Аймгийн төвөөс 350 км. Чуулганд оролцсон малчдын зүгээс Бургастай болон Нарансэвстэйн боомтоор ноос ноолуураа арилжаалах, малын махаа экспортлох, арьс ширээ нийлүүлэх санал дэвшүүлж байсан. Энэ нь малчдад төдийгүй баруун бүсийн хөгжилд том нөлөөтэйг мөн учирлаж байлаа. Засгийн газрын түвшинд боомтын хөгжил идэвхтэй яригдаж байгаагаас үзвэл энэ ажил бүтэх хамгийн боломжтой юм.


Шинэ сэргэлт: Шинэ Алтай
-----------------------------------------
Засгийн газрын өнөөдрийн туг бодлого нь "Шинэ сэргэлт". Монгол Улсын дунд хугацааны хөгжлийг тодорхойлох гол баримт бичиг. Улсаараа урагшлах, ухрах эсэхийг шийдэх стратегийн хөтөлбөр гэж ойлгож байгаа. Энэхүү бодлого 6 хэсэгтэй. Үүний нэг нь Хот, Хөдөөгийн сэргэлт. Хөдөөгийн ахуй амьдрал дорвитой сэргэхгүй, тэнд ажлын байр шинээр бий болохгүй, амьдрах орчин нөхцөл дээрдэхгүй, соёл боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ сайжрахгүй бол хүн тэвчээр гарган үдэлж тэсэхгүй. Яваад өгнө. Хаашаа гэж үү, улсынхаа ганц нийслэл рүү. Улаанбаатарын "зовлон" хөдөөгийн хөгжил орхигдсон цагаас эхтэй. Үүний горыг бид одоо амсаж байгаа.

Агаарын бохирдол, автомашины түгжрэл, замбараагүй хот төлөвлөлт гээд Улаанбаатарын асуудал улсын том асуудал болж хувирсан. Ямар ч сайн “эм тан”-д дарагдаж өгөхгүй “толгойн өвчин” гэмээр. Энэхүү тулгамдсан асуудлаа шийдэх гарцуудын тэргүүнд хөдөөгөө хөгжүүлэх, орон нутгийн аж амьдралд анхаарах нь илүү үр дүнтэй юм байна гэдэгт өнөө эрх баригчид санал үндсэндээ нэгдээд байгаа.

Тийм учраас орон нутагт ажиллах төрийн албан хаагчаас эхлээд ипотек авах иргэдэд хүртэл хөнгөлөлттэй зээл олгох, тэтгэмж, нэмэгдлийг нь ахиулах, үйлдвэр, үйлчилгээний газар байгууллаа гэхэд татвараас чөлөөлөх, урт хугацаатай хөгжлийн санхүүжилт олгох яриа хүчтэй өрнөж байна. Ийм төр засгийн бодлогын таатай орчин бүрдэж эхэлж байгаа үед “Алтайн хөгжлийн шийдэл, гарц” сэдэвт чуулга уулзалт болж таарав. Эндээс малчид сайн дурын үндсэн дээр хамтарсан үйлдвэрийн хувьцаа эзэмшигч болох үүд хаалга нээгдлээ.

Ногдол ашиг хүртэх, ноос ноолуураа, арьс ширээ, сүү цагаан идээгээ сав, баглаа боодолтой, экспортын шаардлага хангасан, түүнд нийцсэн, чанар стандарт нь баталгаажсан эцсийн бараа, бүтээгдэхүүн болгох “урт аялал” эхэллээ. Шинэ Алтайг цогцлоох түншлэлд нь амжилт хүсье.

Б.БАЯРТОГТОХ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.