Ёс  зүйн хороо, Канад - Монгол Мерит төсөл хамтран бүтээсэн  “Төрийн албан хаагчийн Ёс зүйн тайлбар толь” номын нээлт өнөөдөр \2026.06.16\  боллоо. Монгол Улс Төрийн албаны орчин цагийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлээд 30 гаруй жил өнгөрч байна. Төрийн албаны шинэтгэлийг гүнзгийрүүлж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, хариуцлагын тогтолцоог шинэ шатанд гаргах нэг чухал алхам нь Монгол Улсад “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль” 2023 онд батлагдсан явдал юм.

Энэхүү шинэ бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулахад төрийн албан хаагч, ёс зүйн дэд хорооны гишүүд, судлаачид болон иргэн, олон нийтийн төрийн албаны ёс зүйн ойлголт, нэр томьёоны талаар ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, өдөр тутмын хэрэглээнд зохистой хэрэглэх хэрэгцээ нэмэгдэж байна.  Иймд Ёс зүйн хорооноос үүссэн хэрэгцээ шаардлага, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор нэгдсэн ойлголт, нийтлэг хэрэглээнд ашиглах нэр томьёог тайлбарласан тайлбарыг гаргах ажлыг санаачлан “Төрийн албан хаагчийн ёс зүйн нэр томьёоны толь” нь ёс суртахууны онол, үзэл баримтлал, мэргэжлийн ёс зүйн эрх зүйн зохицуулалт, төрийн албаны практикт нийтлэг хэрэглэгддэг нэр томьёо, ухагдахууныг тайлбарлан нэгтгэсэн анхны бүтээлүүдийн нэг болж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.

Номын нээлтийн үеэр Ёс зүйн хорооны дарга доктор( Phd) Ц.Амартөгс “ Энэхүү бүтээлийг боловсруулах үйл хэрэгт мэдлэг, туршлагаа харамгүй зориулсан эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөлөл, салбарын мэргэжилтнүүд, ажлын хэсгийн нийт гишүүдэд, мөн  Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Каталист Плас байгууллагаас хэрэгжүүлж буй “Канад–Монголын Мерит” төслийн хамт олонд гүнээ талархал илэрхийлье” гэсэн юм.

Төрийн албан хаагчийн Ёс зүйн тайлбар толь ном нь 240 гаруй үгийн тайлбарыг Монгол, Англи хэл дээр бичиж тайлбарласан байна. Тайлбарыг монголчуудын зан заншил, ёс суртахуун, шашин шүтлэгийг тал бүрээс нь судалж бүтээсэн гэдгийг тодотголоо. 

Уг толь нь төрийн албан хаагчдын ёс зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхээс гадна ёс зүйн сургалт, судалгаа, зөвлөгөө, хяналт шинжилгээний үйл ажиллагаанд үнэ цэнтэй гарын авлага болно гэж санаачлагчид онцоллоо. Уг толийн агуулга, хүрээ, тайлбарыг практик хэрэглээнд буй жишээ, баримтаар өргөжүүлэх санал, санаачилгыг дэмжиж, шүүмжлэлийг нээлттэй хүлээн авч, цаашид боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэсэн юм.