ДОХА. /Anadolu/. Катар улс хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ зохион байгуулах үеэрээ 1.4 сая гаруй жуулчин хүлээн авсан талаар тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.

Өнгөрсөн ням гарагт болсон ДАШТ-ий шувтаргын тоглолтод Аргентины шигшээ баг Францыг торгуулийн цохилтоор буулган авч, аваргын цом хүртсэн билээ.

Катарын “QNA” агентлагийн мэдээлснээр, ДАШТ-ий тоглолтуудыг нийт 3.4 сая үзэгч үзсэн бөгөөд нэг тоглолтыг дунджаар 53 мянган хөгжөөн дэмжигч үзэж сонирхсон байна.

“Катар-2022” тэмцээнийг зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хассан Аль Тавади хэлсэн үгэндээ, энэ удаагийн тэмцээнийг хөл бөмбөгийн ДАШТ-ий гайхалтай хувилбар боллоо хэмээгээд, ирээдүйд томоохон тэмцээнүүдийг зохион байгуулагчдад жишиг болж байна гэв.

Катарт 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 18-ны хооронд үргэлжилсэн энэхүү тэмцээн нь Арабын оронд зохион байгуулагдсан анхны хөл бөмбөгийн ДАШТ болсон юм. 

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/31...