УИХ-ын гишүүн, Цахим бодлогын байнгын хорооны гишүүн Э.Батшугар тус байнгын хорооны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлуудыг танилцууллаа.

УИХ-ын Инновац, цахим бодлогын хорооны 2023 оны ажлын тайланг танилцууллаа. 

2023 оны товч статистик мэдээллийг хүргэвэл: 

- Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо 2023  онд 10 удаа хуралдаж, нийт 14 хэлэлцэх асуудлын хүрээнд Байнгын хорооны 5 тогтоолыг баталж,  1 тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар 109 хууль, 3 Улсын Их Хурлын тогтоолыг батлуулжээ. Эдгээр ажлын тайлангаас зарим онцлох ажлуудыг танилцуулья. 

 “D-ӨРГӨДӨЛ” БУЮУ “НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМ” АШИГЛАЛТАД ОРЖЭЭ

- Иргэдээс олон нийтийн эрх ашгийг хамарсан асуудлаар саналыг нь цахимаар хүлээн авч, парламентын үйл ажиллагаанд Монгол Улсын иргэнийг оролцуулах зорилгоор “D-Өргөдөл” буюу “Нийтийн өргөдөл, гомдлын систем” өнгөрсөн оны 10 дугаар сарын 17-нд ашиглалтад орсон. Энэ системийн хэрхэн ажиллах журмыг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 1 дүгээр тогтоолоор баталжээ. Монгол Улсын иргэн хаанаас ч гар утас болон бусад цахим платформ ашиглан өргөдөл санаачлах, дэмжиж санал өгөх боломжтой болсон уг систем тухайн өргөдөл 33 мянгаас-100 мянган дэмжлэг авбал УИХ-ын үйл ажиллагааны хүрээнд асуудлаа хэлэлцүүлж шийдвэрлүүлэх боломжтой билээ. 

109 ХУУЛЬД ЦАХИМ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ОРУУЛЖ УИХ-ААР БАТЛУУЛЖЭЭ

- 2023 оны 5 дугаар сард Засгийн газраас Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 430 орчим хуулиас цахим шилжилтийг удаашруулах нөхцөл үүсгэж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. 

Инновац, цахим бодлогын байнгын хороо энэ ажлыг хариуцан авч өнгөрсөн хугацаанд төрийн болон төрийн бус, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулж ажилласан. Ингээд УИХ-ын шат шатны хэлэлцүүлгээр оруулсны эцэст энэ намрын чуулганаар 109 хуулийнх нь нэмэлт, өөрчлөлт эцэслэн батлагдаж хэрэгжиж эхэлсэн байна.  

Өөрөөр хэлбэл эдгээр хуульд зөвхөн төрийн үйлчилгээ бус нийгэм, эдийн засгийн ихэнх салбарын харилцаанд цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрөх зохицуулалттай болжээ. 

Энэ талаар  Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар "Цахим шилжилтийг боомилж байсан  109 хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулснаар  2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эцэслэн баталсан нь Монгол Улсын цахим шилжилтийн шинэ реформ болж, технологийн дэвшлийг бүх салбарт нэвтрүүлэх, улмаар хүний хүчин зүйлээс үл хамааран төрийн үйлчилгээн дэх хүнд суртал, чирэгдлийг халах, зардал, төсвийг хэмнэх боломж бүрдсэн" хэмээн онцоллоо. 

Ерөнхий агуулгаар нь зарим давуу талыг дурьдвал: 

- Цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг бодит болгоно. 

- Өнөөдрийн байдлаар тоон гарын үсгээ авсан 800 мянган хүн байна. Гэвч эдгээр иргэд гарын үсгээ тэр бүр ашиглах боломжгүй байсан. Одоо салбарын хуулиудад цахим баримт бичгийг зөвшөөрснөөр гэрээ байгуулахаас эхлээд олон харилцаанд тоон гарын үсгээ хэрэглэж болохоор болж байна. 

 - Төр өөрт байгаа мэдээллийг цаасаар нэхэж, иргэдийг байгууллагууд хооронд олон дахин явуулдаг, хүндрэл учруулдаг байдлыг бүр мөсөн зогссон. 

Хэдийгээр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд энэ заалт байгаа боловч цахим баримт бичгийг бусад хуульд хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас иргэд төрийн үйлчилгээг авахдаа заавал биеэр очдог, цаасаар харилцдаг асуудал байсаар байсан. Одоо энэ бүхэн цэгцэрнэ. E-mongolia-д мэдээлэл нь байгаа бол цаас авч явах шаардлагагүй болно. 

- E-mongolia, E-business платформуудын хэрэглээ өсч, эдийн засгийн хэмнэлт нэмэгдэнэ. 
2023 оны жилийн эцсийн байдлаар:

E-mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системд:

- 1.7 сая хэрэглэгч бүртгэгдэж, Төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид 38 сая удаа үйлчилгээ үзүүлж 300 орчим тэрбум төгрөг хэмнэжээ. 

E-business нэгдсэн системээр:

- Хуулийн этгээдтэй холбоотой лавлагаа, тодорхойлолт, тусгай зөвшөөрөл зэрэг 685 үйлчилгээ үзүүлж байна.  Өдөрт дунджаар 1300 үйлчилж байна. Компани байгуулах шат дамжлага 11 байдаг. Үүнийг 100 хувь “E-business”-ээр хийж чадахгүй байсан бол одоо холбогдох хуулиудад нь өөрчлөлт орсноор гэрээсээ гар утсаараа аж ахуй нэгж байгуулах боломжтой болсон гэсэн үг. 

Дэлхийн бусад улс орноос Монгол Улсын аль нэг банкинд данс нээх боломжгүй байсан. Одоо энэ боломж нээгджээ.  Эдгээр хуулиудаас 30 орчим нь банк, санхүүгийн байгууллагад хамаарах бөгөөд данс нээх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа цахимжиж, салбарын старт-апууд болох финтекийн хөгжлийг бодитоор дэмжиж байна.  109 хуулийн өөрчлөлтийн зарим хэсгийг дурьдахад ийм байгаа. Ер нь төр-иргэн, төр-хуулийн этгээд, хуулийн этгээд-иргэний хоорондын харилцаанд их олон өөрчлөлт гарч, хялбар болно" гэлээ.