Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдсон харамсалтай хэрэг гарсан. 

Уг ослын талаар Шадар сайд, УОК-ын дарга С.АМАРСАЙХАН мэдээлэл өгсөн юм. 


- 60 тонн газ тээвэрлэсэн машин өөр нэг машинтай мөргөлдөж, шүргэлдсэний улмаас газ алдагдсан гэх урьдчилсан дүгнэлт гарч байна. Улмаар газ алдагдаад гал гарч байх үед ионкс нь дэлбэрч, хүчтэй шидэгдсэний улмаас харамсалтайгаар ОБ-ын албаны гурван албан хаагч нас барсан байна. Одоогоор цагдаагийн байгууллага ажиллаж байна.

-  Газ алдагдсаны улмаас замын хажууд байсан 60 айлын орон сууц руу гал алдсан.  Нийтдээ 46 айлтай холбоо барьсан. 11 айлын 43 иргэнийг буудалд байрлуулсан. Иргэдийн зарим нь угаартсан, ус алдсан, нийт 1000 гаруй айлын тог цахилгааныг таслаад байсан ч эргэн холбосон.

- Нийт галд 20 орчим автомашин өртсөн. 15 иргэн угаартсан болон түлэгдсэн байдалтайгаар эмнэлгийн байгууллагад хүргэгдээд байна. Алба хаагчид тухайн байранд дахин самналт хийж байна. 14 давхарт нэг иргэн байсан. Аврагчид холбогдож тухайн хүнийг аюулгүй гаргасан.

- Цаашид энэ байранд иргэдийн амьдрах боломжийг бүрдүүлэх, хамгаалалтад авна. Сураггүй болсон хүн гараагүй. 

- Эмнэлгийн байгууллагад хандсан иргэдийн 5 нь эрчимт эмчилгээнд 4 нь энгийн тасагт байгаа талаарх мэдээлэл ирсэн.

- Ойрын хугацаанд ослын шалтгаан нөхцөлийг тогтооно. Химийн баг ажиллана. 

- Амиа алдсан алба хаагчид 4-7 жилийн хугацаанд алба хаасан, 28-30 насны залуучууд байсан.