Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороонд бүртгэгдсэн ослын нөхцөл байдалтай холбогдуулан дараах замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаад байна. Үүнд:

Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас
-Зүүн чиглэлд тус худалдааны төвийн автомашины зогсоолын төгсгөл,
-Урд чиглэлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн,
-Баруун чиглэлд Кристал таун хотхон,
-Хойд чиглэлд Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвар хүртэлх замуудыг 200-800 орчим метрийн зайд хязгаарлалт хийсэн.

Тэгвэл хязгаарлалт хийсэн замын зорчих хэсгийг үе шаттай нээхээр төлөвлөж байна. Мэргэжлийн байгууллагуудаас осолд өртсөн тээврийн хэрэгслүүдийг зөөж замын зорчих хэсгийг чөлөөлж, гадаргууг цэвэрлэж, хэвийн нөхцөлд оруулсан даруйд үе шаттай нээхээр ажиллаж байгаа аж.