Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр 60 тонны газ тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл Ниссан патрол машинтай мөргөлдсөн харамсалтай осол гарсан. Ослын улмаас онцгой байдлын гурван аврагч амиа алдсан бол таван иргэний биеийн байдал хүнд байна.

Газ тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл нь Дашваанжил ХХК-ийнх бол жижиг оврын тээврийн хэрэгсэл нь Батлан хамгаалах яамны нэр дээр бүртгэлтэй машин байжээ. Тодруулбал тухайн тээврийн хэрэгслийг  Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ-ын дарга Э.Мөнхнаран жолоодож байсан гэх мэдээлэл байна. Тэрбээр яг одоо ТЦА дээр  мэдүүлэг, тайлбар өгч байгаа аж. 

Тус 1459 УНМ гэх улсын дугаартай Nissan Patrol маркийн автомашин нь 2012 оноос хойш мөн төрийн Д байгууллагын эзэмшилд байжээ. Улмаар оны өмнө буюу  2023 оны арванхоёрдугаар сарын 27-ноос тус яаманд шилжсэн байна.