НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, МҮХАҮТ, Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хамтран “Тогтвортой хөгжил ба Сэргээгдэх эрчим хүч” сэдэвт бизнес эрхлэгчдийн уулзалт өнөөдөр зохион байгуулагдлаа. 

       Манай улсын хувьд эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал нэн тулгамдаж, улс даяар эрчим хүчний хязгаарлалт хийж эхлээд буй. Энэхүү дутагдаж байгаа хүчин чадлыг сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх замаар нөхөх боломжтой талаар уулзалтын үеэр хөндөн ярилаа. Сэргээгдэх эрчим хүчийг дэлхий нийтэд ихээхэн дэмжиж НҮБ-аас “Даян дэлхийн гэрээ” -г санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэхүү гэрээнд Монгол Улсаас ч ААН компаниуд нэгдээд байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд дэлхийн улс орнууд энэ чиглэлийн төслүүдэд нэн хөнгөлөлттэй зээл олгох гэхчлэн онцгойлон дэмжиж ирсэн. 

Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт ч ийм хэрэгцээ шаардлага бий.  Гэхдээ зээл авахын тулд наад зах нь компани ёс зүйн кодтой байх шаардлага тулгардаг.  Өөрөөр хэлбэл компанийн ажилтнууд хэр ёс зүйтэйгээс эхлээд компани бизнесийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогодоо хүртэл шударга ёсыг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхийг санхүүжүүлэгчид шалгуур болгон хардаг байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж, төсөл хэрэгжүүлэх компаниуд ёс зүйн кодтой байх нь чухал байгааг  уулзалтын  үеэр ярилаа. 

 Уулзалтанд НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан,  Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Цогоо, Рио Тинто Монгол ХХК-ийн Түншлэл, гадаад худалдаа хариуцсан захирал Б.Даваасүрэн болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ,  MCS холдинг, Хаан банк, Тесо ХХК, Юнител групп, Ньюком групп, Говь ХК, Монгол базальт ХХК, Сайншанд салхин парк, Desert solar power one ХХК, Тэнүүн гэрэл конмтракшн ХХК зэрэг ААН, бизенесийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. 

Дашрамд дурьдахад, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,  Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран  “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд МҮХАҮТ-ын дэргэд Бизнесийн Ёс Зүйн төв байгуулагдсан. Тус төв нь Бизнесийн байгууллагуудад ёс зүйн дүрэм боловсруулах, хянах, туслалцаа үзүүлэх, Засаглалын тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх, Бизнесийн болон мэргэжлийн ёс зүй, шударга байдлын сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм.