Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэггүй хороо цөөнгүй бий. Барилгын компаниудын төлөвлөлтийн алдаанаас үүдсэн уг хүндрэлийг нийслэл давж гарахаар ажиллаж буй. Харамсалтай зарим барилгын компаниуд газар дээр сургууль, цэцэрлэг барих хотын шийдвэрийг эсэргүүцэж эхэлжээ. Тодруулбал Тайгам-Алтай компанийн сургууль барих ТЭЗҮ-г зогсоосон талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. 

Тэрбээр энэ талаар " 30 жил хуримтлагдсан асуудлын үр хөврөлийг тавьсан, одоо ч тордож ургуулж байгаа нөхдүүд гуравхан сар ажиллаж байгаа надад бүх бурууг тохох гэж оролдож байна, та хэдтэй нэгийгээ үзнэ! Энд ямар нэгэн үл үзэгдэгч байхгүй! Нэр бүхий этгээдүүдэд газартаа тултал нь бетонон ширэнгэ барьдаг шуналаа татаарай гэж хэлье. 

Одоо дахиад нэмж бетонон ширэнгэ барихаар төлөвлөж байгаа компаниудын газраас албадан чөлөөлж сургууль цэцэрлэг барина. Нэг ч сургууль цэцэрлэггүй, тэр ч бүү хэл орц гарцаа ч шийдэхгүйгээр бетонон ширэнгүүд босгосон. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд бүгд зам дээрээ гараад түгжирч бухимдаж байна. 

Их Монгол, Баян Монгол, Олимп, Элизабет, Кристал таун зэрэг хотхонууд нийт 40 мянган иргэнтэй. Жижиг аймгаас олон хүн ам, жижигхэн талбайд амьдарч байна. Гэтэл нэг ч сургууль, цэцэрлэггүй. Голден парк гэж гамшиг болсон газар байна. Алтай хотхоны 12 мянган айл ямар ч сургууль цэцэрлэггүй. Кинг тауэрыг барьж байгаа нөхдүүд газраасаа сургууль цэцэрлэг барих газар өгөхгүй бол хүчээр авна, шүүхдэнэ биз.

Энэ бол төлөвлөлтийн алдаа гэхээсээ илүүтэй цэвэр авлига, шуналын сэдлээр энэ хотод хайр найргүй хандсан увайгүй үйлдэл юм.

Газрын наймаачид, барилгынхан хэвлэл мэдээллээр надруу дайраад нэмэргүй шүү.