Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, худалдааны зөвлөх Кадир Жеряан нар эдийн засгийн сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаарх асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. Мэдээллийг товчлон хүргэе. 

Турк хүн бүр Монголд ирж, өвөг дээдсийнхээ амьдарч байсан газар нутгийг үзэх хүсэлтэй байдаг

  • - Монгол, Турк улсууд эдийн засаг, худалдааг хөгжүүлэхээр гурван чиглэлээр ажиллаж байна. Эхнийх нь хоёр улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засгийн хамтарсан хороо. Энэ хороо хамгийн сүүлд 2021 онд Туркийн нийслэл Анкара хотод хуралдсан. Энэ онд Улаанбаатарт хуралдана.
  • - Хоёр дахь нь, МҮХАҮТ болон Туркийн Гадаад эдийн засаг, худалдааны зөвлөлийн хамтын ажиллагаа. Эдгээр байгууллагын төлөөллүүд энэ ондоо багтаж уулзана. 
  • - Гурав дахь нь, МҮХАҮТ болон Туркийн Танхим, биржүүдийн хооронд байгуулсан хамтын ажиллагаа. Монгол Улсын Засгийн газраас 2024-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд 2024 онд аялал жуулчлалын форумыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.  Бид олон зууны тэртээд хаяа залган амьдарсан эртний хөршүүд. Иймд Турк хүн бүр монголчуудад элэгтэй ханддаг. Монголд ирж, өвөг дээдсийнхээ амьдарч байсан газар нутгийг үзэх хүсэлтэй байдаг.
  • - 2024 онд Монгол, Турк улсууд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна. 1969 оноос хойш хоёр улс нийт 100 орчим гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурсан байна. Та бүхэн Туркийг гурав дахь хөрш гэж үздэг бол бид Монголыг анд нөхөр, ах дүү улс гэж нэрлэдэг.


Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монголоос Турк руу халал махны экспортыг эхлүүлэхийг зорьж байна

  • - Манай хоёр улс иж бүрэн түншлэлийн харилцаатай. Цаашид стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийг хоёул зорьдог. Өнгөрсөн 55 жилд хоёр орон бүх салбарт хамтран ажиллах хөрс бүрэлдсэн. Тухайлбал, махны худалдаа, арьс шир боловсруулах чиглэлд хамтран ажиллах өргөн боломж бидэнд бий. Турк улс арьс ширийг өндөр түвшинд боловсруулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршлагатай. Энэ туршлагаа Монголын аж ахуйн нэгжүүдтэй хуваалцахад бэлэн.
  • - Өнгөрсөн зун Монголын төлөөлөл Туркт очиж, хоёр талын Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо хамтран ажиллах протоколд гарын үсэг зурсан. Энэ дагуу Монголд хүний нөөц бүрдүүлэх чиглэлээр сургана. Туркийн үйлдвэрүүдэд сайн чанарын арьс шир импортлох эрэлт бий.
  • - Би Монголд Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монголоос Турк руу халал махны экспортыг эхлүүлэхийг зорьж байна. ТИКА буюу Туркийн олон улсын хөгжлийн агентлаг Монголд халал мах бэлтгэх зорилгоор хүний нөөцийг сургах, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлууд хийсэн.
  • - Туркийн магадлан итгэмжлэгдсэн байгууллага болон Монголын Стандарт, хэмжил зүйн төв хамтран ажиллаж байна. Ингэснээр Монголын мах бэлтгэгч компани Стандарт хэмжил зүйн газраас сертификат авч, Туркийн тал тэрхүү сертификатыг хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдсэн.
  • - Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн жил Туркт айлчилсан нь Монголын Гадаад хэргийн сайдын 31 жилийн дараах айлчлал байв. Энэ үеэр дөрвөн гэрээнд гарын үсэг зурсны нэг нь махны экспорттой холбоотой.

Манай барилга угсралтын компаниуд дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг, Монголд зарлаад буй дэд бүтцийн буюу зам тээвэр, эрчим хүчний сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байдаг

  • - Уул уурхай Монголын эдийн засгийн гол салбар боловч турк хөрөнгө оруулагчид одоогоор энэ салбарт байхгүй. Энэ салбарт талууд хамтран ажиллана гэж найдаж байна. Манай барилга угсралтын компаниуд дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Иймд Монголд зарлаад буй дэд бүтцийн буюу зам тээвэр, эрчим хүчний сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байдаг.
  • - Миний Монголд ирээд анзаарсан зүйл бол Монголын нийгэм маш идэвхтэй, бат бөх ардчилалтай, залуу хүн амтай, газар дээр болон газар доороо ихээхэн баялагтай улс. Монгол хурдацтай хөгжиж байна. Сайхан байгаль, түүх соёлын их өвтэйн сацуу иргэд нь ёс заншлаа сайн мөрддөг. Наадмын нээлт бол миний амьдралдаа үзсэн хамгийн өнгөлөг, өвөрмөц зүйлсийн нэг. Үнэхээр үзүүштэй. Мөн Монгол идэвхтэй гадаад бодлого явуулж, дэлхийн томоохон үйл ажиллагаануудад байнга оролцож, монгол гэсэн өвөрмөц имижээ бүрдүүлж чадсан.
  • -2022 оны арванхоёрдугаар сард хоёр улс иргэний нисэхийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Ингэснээр “Туркиш эйрлайнс” компани дээрх чиглэлд өдөр бүр нисэх боломж бүрдсэн. Өвөл долоо хоногт гурван удаа, зун дөрвөн удаа нисэж байна. Эрэлтийн дагуу нислэгийн тоог тогтоодог. Би Элчин сайдаар томилогдож ирээд, тус компанийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх хүсэлтээ өндөр түвшний бүх албан тушаалтанд илэрхийлж, энэ нь хоёр орны иргэд хоорондын харилцаанд эерэгээр нөлөөлж, монголчуудын гурав дахь орон руу зорчих боломжийг нээнэ хэмээн тайлбарладаг байв. “Туркиш эйрлайнс” шууд нислэг үйлддэг болсноор хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд хувь нэмрээ оруулсан.


Туркээс монголчууд ихэвчлэн нарийн боовны тоног төхөөрөмжүүд, барилгын материал, тавилга, бэлэн хувцас, жигнэмэг, шоколад, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаж авдаг

  • -Туркээс Монголд авчирч буй барааны дийлэнхийг авто замаар тээвэрлэж байна. Авто тээвэр зун дунджаар 20 өдөр, өвөл 30-40 хоног үргэлжилдэг. Авто тээврийг хөнгөвчлөх зорилгоор бид ЗТХЯ-тай хэлэлцэж байна. Ачаа тээврийн онгоц нисгэхийн тулд хоёр улсын нисэхийн байгууллагууд гэрээ байгуулах шаардлагатай. Одоогоор энэ чиглэлд ямар нэг ахиц гараагүй байна. Ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх хэд хэдэн санал бидэнд бий.
  • -2013 онд одоогийн Ерөнхийлөгч Рэжэп Таип Эрдоган (тухайн үед Ерөнхий сайд) Монголд айлчлах үеэр хоёр орны худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэхээр талууд тохиролцсон. Энэ зорилт 2020 оны сүүлээр биелсэн юм. 2023 онд энэ дүн 100 сая ам.доллар болж, 2022 оныхоос арван сая ам.доллароор буурсан. БНХАУ цар тахлын дараа хилээ нээсэн нь үүнд нөлөөлсөн болов уу.
  • - Б.Батцэцэг сайдын Анкарад хийсэн айлчлалаар хоёр тал худалдааны эргэлтээ 200 сая ам.долларт хүргэхээр тохирсон. Би Элчин сайдаар ажиллах үүрэгт хугацаагаа дуусгахад энэ зорилтод хэр их ойртсоноор миний ажлын үр дүнг үнэлнэ.
  • - Туркээс Монгол руу нарийн боовны тоног төхөөрөмжүүд, барилгын материал, тавилга, бэлэн хувцас, жигнэмэг, шоколад, эм, эмнэлгийн хэрэгсэл худалддаг. Харин Монголоос боловсруулсан арьс, ноос, ноолуур, хушны самар экспортолж байна.


1990-ээд оноос хойш нийт 1600 монгол оюутан Туркт дээд боловсрол эзэмшсэн байна

  • - Энэ онд БНТУ-ын Үндэсний их хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд болон Батлан хамгаалахын сайд Яашар Гүлэр тус тус Монголд айлчилна. Дэлхийн эмэгтэй сайд нарын хурал ирэх наймдугаар сард Улаанбаатарт болно. Энэ хуралд БНТУ-ын Гэр бүл хариуцсан сайд Фатма Бэтулыг урьсан. Хоёр улсын парламент дахь Худалдаа, эдийн засгийн зөвлөл, Цэрэг батлан хамгаалах салбарын уулзалтууд болно. Монгол, Турк улсууд цэргийн сургуулилтад харилцан цэргүүдээ оролцуулдаг уламжлалтай. Энэ дагуу цэргийн сургуулилтууд болно.
  • - Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Таип Эрдоганыг Монгол Улсад айлчлал хийхээр урьсан. Айлчлалын тов одоогоор гараагүй байна. 
  • -ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Ж.Энхбаяр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНТУ-д айлчилж, Ернхийлөгч Рэжэп Таип Эрдоантай уулзсан.  Энэ айлчлалаас хагас жилийн өмнө БНТУ-ын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Монголд айлчилж, хоёр улсын ҮАБЗ хамтран ажиллах гэрээ байгуулсан. Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааны ямар нэг баримт бичиг байдаггүй.
  • -Би Монголд 2021 онд томилогдож ирсэн. Түүнээс хойш 
  • Нэгдүгээрт, “Туркиш эйрлайнс” компанийн нислэгийн давтамжийг нэмсэн. 
  • Хоёрдугаарт, хоёр орны худалдааны эргэлт хоёр дахин өссөн. 
  • Гуравдугаарт, Налайхын ойролцоо, “Баянцогт” хэмээх газарт Мэргэн Тоньюкукийн бичээст зориулсан музей барих ажлыг эхлүүлсэн. Бүтээн байгуулалт энэ зун дуусна. 
  • Дөрөвдүгээрт, тэтгэлгээр суралцдаг оюутнуудын тоо өссөн. БНТУ-ын Засгийн газрын тэтгэлгээс гадна бид цэрэг, цагдаагийн ажилтнуудад мэргэжил дээшлүүлэх тэтгэлэг олгодог. 1990-ээд оноос хойш нийт 1600 монгол оюутан Туркт дээд боловсрол эзэмшсэн байна. 
  • - Өнгөрсөн онд 64 оюутан Туркийг зорьсон. Туркийн засгийн газрын тэтгэлэгт бүх зардал багтдаг. Хоёр удаагийн нислэгийн тийз, их сургуулийн төлбөр, дотуур байр, эрүүл мэндийн бүрэн даатгал, сар бүрийн мөнгөн тэтгэлэг багтдаг. Энэ сарын 20-нд /өнөөдөр/ тэтгэлгийн бүртгэл дуусна.
  • - Төгсөх ангийн сурагчид цахимаар эсээ, тодорхойлох захидлаа илгээнэ. Эхний шатанд тэнцвэл ярилцлагад ордог. Ярилцлагыг Дээд боловсролын байгууллагын төлөөлөгчид Улаанбаатарт ирж, биечлэн хийдэг юм.
  • -МУИС Измир дэх Катиб Чэлэбигийн их сургуультай хамтран ажилладаг. МУИС-ийн Түрэг судлалын ангийн оюутнууд хоёрдугаар дамжаагаа Туркт нэг жил сурч дүүргэдэг. Ирээд гуравдугаар дамжаандаа үргэлжлүүлэн сурч төгсдөг. Монгол оюутнуудыг Түрэг судлалаар дагнан суралцаарай гэж урьж байна.