Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг.
Энэ дагуу энэ сарын 21-ний 17:00 цагаас иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зогсоож, мөн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх улсын бүртгэгчийн эрхийг түр хязгаарласан байна. Энэ нь орон нутгийн нөхөн сонгууль 16 аймгийн 44 сумын 74 сонгуулийн хэсэгт зохион байгуулагдах болсонтой холбоотой аж.
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)-ээр шилжилт хөдөлгөөний бүртгэлийг мөн хугацаанд зогсоосон бөгөөд нийслэлийн хэмжээнд дүүрэг хооронд, хороо хооронд болон хороон доторх шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн үргэлжилнэ.
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй бөгөөд зөвхөн нийслэлд хэвийн ажиллана. Харин нөхөн сонгууль явагдахгүй аймаг, сумын шилжилт хөдөлгөөнийг улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандан шийдвэрлэнэ гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!