Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Улсын Их Хурлын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгээс өнөөдөр (2026.04.22) Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төслийн цуврал хэлэлцүүлгийг "Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдвээр явууллаа.


Төрийн өмчийг хувьчлахдаа хувийн ашиг сонирхлыг дээгүүрт тавьж, амин хувиа хичээснээр, нийтийн өмчийг хямд төсөр үнээр худалдаж авсан нь хор, хохирол учруулж, хожмын уршиг нь үргэлжилсээр байгаа, эрх зүйн орчноор засаж залруулах боломжийг эрэлхийлж буй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн дэд ахлагч О.Номинчимэг хэлэлцүүлгийг нээхдээ онцолж байв. Тэрбээр, төрийн болон орон нутгийн өмчийг иргэдэд хамаагүй мэтээр ойлгож ирснийг залруулж, энэхүү суурь хуулийн төсөлд олон талын оролцоог хангаж, нээлттэй хэлэлцүүлэх нь ач холбогдолтой гээд, менежментийн хувьчлал, түрээслэгчид давуу эрх нэрийдлээр төрийн өмчийг үнэгүйдүүлэн хувьчлах явдал нь гашуун сургамж үлдээсэн. 

Нийгмийн салбарт гэхэд л 774 хуулийн этгээдийг хувьд шилжүүлсэн байна. Ажлын хэсгээс хяналт шалгалт явуулахад, тэдгээрийн 340 нь буюу 43.9 хувь нь улсын бүртгэлд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа. Харин 261 буюу 33.7 хувь нь татан буугдсан, 49 хувь нь огт бүртгэлгүй нь тогтоогдсон. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төрийн өмч хувьчлалын бодлогын алдааг давтахгүйн тулд эрх зүйн суурь зарчим, нарийвчилсан зохицуулалттай төслийг нийтээр хэлэлцэн боловсруулж, батлах ёстой гэсэн юм. 




Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, мэдээлэлд ойрхон байсан хүмүүс тухайн үед өмч хувьчлалд оролцож, өмчүүдийг хувьчилан авсан нь шударга бус хэрэг гэдэг нь тодорхой боловч энэхүү хэлэлцүүлэгт хэн нэгнийг онцлон нэр цохон ярих бол хүний эрхийн зөрчилд тооцогдож болзошгүй юм гэлээ. Хэлэлцүүлэгт оролцогчдыг Эдийн засгийн байнгын хорооноос нээлттэй бүртгэж, бүх хүнд боломж олгон оролцоог хангажээ. Цаашид хуулийн төслийн хэлэлцүүлэг цувралаар үргэлжлэх ажээ.



Энэ удаагийн хэлэлцүүлгийн эхний танилцуулгыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас "Өмч хувьчлалын үе шат, түүний эерэг, сөрөг үр нөлөө” сэдвээр илтгэв. Тус газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, манай улс 1991 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд өмч хувьчлалыг дөрвөн үе шатаар явуулж, 2019 аж ахуйн нэгжийн 278.5 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий хөрөнгийг хувьчилсан. Өнөөдрийн нийгэм, эдийн засгийн суурь бүтцийг бий болгох зорилтоо төрийн өмч хувьчлалын бодлогоор хэрэгжүүлээд байгааг танилцууллаа. 



“Өмч хувьчлалын арга хэлбэрүүд, тэдгээрийн давуу болон сул талууд, төрийн өмчит монополь компанийг амжилттай хувьчилсан зарим орны туршлага”-аас Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Бодлогын зөвлөлийн гишүүн, доктор (Ph.D) Ц.Норовдондог илтгэхдээ, манай улсад явуулсан өмч хувьчлалууд нь улс төрийн шийдлээр хийгдсэн, захиргааны шинжтэй арга хэмжээ байсан учраас зорьсон үр дүндээ хүрээгүй гэсэн дүгнэлтийг Манчестерийн Их Сургуулийн профессор Фрэдерик Никсон, Бернард Волтерс нарын 2004 оны судалгааны үр дүнд бичигдсэн байдаг хэмээн онцлов. Тэрбээр, стратегийн хөрөнгө оруулалттай, үнэ тарифын зохицуулалттай төрийн өмч бүхий монополь компанийн өмчлөх эрхийг хувьд шилжүүлэх олон улсын туршлага байхгүй. Харин төрийн болон хувийн хэвшлийн хүлээх үүрэг, хариуцлага, эрсдэлийн менежментийг гэрээлэх замаар тухайн байгууллагын удирдлага, хяналтыг тодорхой хугацаанд концессийн гэрээгээр шилжүүлэх арга бол бий. Төрийн өмчит, монополь компанийн удирдлагыг хувийн хэвшилд шилжүүлсэн тохиолдолд салбарын бие даасан, хараат бус зохицуулах байгууллага зайлшгүй байж, компанийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн үнэ тариф зэрэгт хяналт тавьдаг зарчимтай гэв. 



МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор (Ph.D) Г.Давааням хэлэлцүүлэгт “Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх /Нийтийн өмчийн хуулийн төсөл/”-ийг танилцуулахдаа, төрийн өмчтэй холбоотой шийдвэр гаргах үйл явц удаашралтай, сунжирсан байдалтай явж ирсэн, одоо ч тийм байгааг дурдлаа. Нөхцөл байдлыг сайжруулах үүднээс нийтийн өмчийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой, аль болох уян хатан болгох, шийдвэр гаргах этгээд нь зөвхөн ганц байх зэргийг төсөлд тусгаад байгаа. Хөрөнгийн удирдлагыг "бусдад ашиглуулах", "шилжүүлэх" гэсэн хоёр аргаар удирдахаар зохицуулалт оруулсан. Хуулийн төслийн үзэл баримтлалд 1991 оны хуульд өмчийг 100 хувь хувьчлах агуулгыг, 1996 оныход бол төрийн өмчийг хувьчлахдаа удирдах чиг үүргийг орхигдуулахгүй байхыг тусган зохицуулсан байдаг. Тэгвэл энэ удаа уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь төрийн өмчийг үр ашигтай удирдах үзэл баримтлалд тулгуурлах болно. Төрийн болон орон нутгийн  өмч үнэгүйдэх шалтгаан нь шийдвэр гаргах эзэн тодорхойгүй, өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ойлгомжгүй, шийдвэр гаргах үйл явц удаан байгаатай холбоотой гэсэн судалгааны дүн гарсан тул төсөлд эдгээр асуудлыг тусгасан гэсэн юм. 



Хэлэлцүүлгийн үеэр иргэний төлөөлөл Х.Оюунцэцэг, улсын циркийн байрыг хувьчилснаар дэлхийд гайхагдаж байсан 80 жилийн түүхтэй Монгол циркийн урлаг гудамжинд гарсанд харамсаж явдаг. Томоохон бүтээн байгуулалтыг хувьчлал нэрээр гутлын үйлдвэр, хүүхдийн зуслангуудыг сөнөөсөн нь хөгжил дэвшлээс хойш татсан хэрэг гэдгийг бид харж байна. “Ард” кинотеатр, “Элдэв-Очир” кинотеатр зэргийг хэдхэн хүн хувьчилж авсан байдал нь урлаг, соёлын хөгжилд их саад тотгор учруулсан гэв.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, өмч хувьчлал дэлхийн бусад улс орнуудад ч явагдсан зүйл. Бид бэлтгэл сайтай оролцох ёстой байжээ гэдгийг өмнөх түүх харуулдаг. Циркийн хувьчлалыг сонгон шалгаруулалтаар явуулсан хэмээн хариуллаа.



Судлаач, Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Байлыхүү Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байсан тухайгаа дурсаад, өмчийн харилцаа бол нийгмийн суурь харилцаа учраас ихээхэн анхаарах учиртай. Нийслэл, есөн дүүрэг, 21 аймаг, сум бүр өмчтэй. Монголд хоёр төрлийн өмч байна гэж ангилдаг. Манайх өмчийг ингэж хуваах нь зөв эсэх асуудлыг тухайн үед хөндөж хэлэлцсэн ч шийдэл олоогүй, одоо та бүхэн хуулиа боловсронгуй болгохдоо үүнд анхаарч, өмчийн удирдлага, хувьчилсан төрийн байгууллагуудын ажиллагсдын нийгмийн байдлыг орхигдуулахгүй байх чухал гэдгийг захисан юм.

Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга Ц.Бэхбаяр, парламентын цахим талбарт хуулийн төслийг байршуулсанд саналаа өгсөн, орон нутгийн өмчид музейг оруулсан нь тэндхийн олдворууд орон нутагт хамаарах эсэхийг тодрууллаа. Мөн эд хариуцагч, ашиглалтын эрхийг тодорхой зааж, тусгах, ялангуяа газартай холбоотой маргаан үүсдэг жишээг дурдав.



Хуульч, өмгөөлөгчдийн төлөөлөл саналаа хэлэхдээ, бодит байдалд төрийн өмчид бүртгэхдээ өндөр үнэтэйгээр үнэлдэг хэрнээ цааш бусдад ашиглуулахдаа үнэгүйдүүлдэг. Төрийн өмчийг ашиглуулах гэрээ төр, иргэнд хохиролтой байвал хэн хариуцах вэ, нарийн шийдэл тусгахгүй бол хууль хэрэгждэггүй. Түрээслүүлдэг газраас шууд гаргах, эсвэл дээрээс шийдвэр ирээгүй гэх шалтгаанаар ашиглалтгүй олон сар орхих байдал цөөн бус. Эдгээрийг зохицуулахаа боловсронгуй болгох нь зүйтэй гэлээ.



Орон нутагт газар ашиглалттай холбоотой аргачлалаа хэрэгжүүлж, гэрээнд тусгаад явдаг. Гэтэл хуулийн төсөлд үүнийг тусгаагүй байна хэмээв. “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, партнер Д.Дүгэржав,  улсын түүх, боловсрол, урлаг, соёл, өвийг хамгаалж, хөгжүүлэх зорилгоор төрийн өмч байдаг гэсэн үүднээс хандаасай. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд төрийн өмчийн бодлогоо тодорхойлж, нийтийн үйлчилгээний үүргийг тусгах шаардлагатай. Хэлэлцүүлэгт оролцогчдоос төр өмчөө ямар тохиолдолд бусдад шилжүүлэх, батлан хамгаалах салбарын өмчлөлийг тусгах, өмнө нь хувьчилчихаад өндөр үнээр эргүүлээд авдаг байдалд хяналт тавих, төрийн байгууллага хооронд өмч шилжүүлэх асуудлыг хэрхэн зохицуулах зэргийг илтгэгч болон Ажлын хэсгээс тодруулж, саналаа илэрхийллээ.




Хуулийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд оролцож, иргэдийн дуу хоолойг сонсохоос гадна байр суурь илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, төрийн өмчийн компаниудын “хүн капитал” буюу ажиллах хүчдээ хувьцааны тодорхой хувийг өгч, хулгай, авлигаас ангид байлгах боломжийг бүрдүүлдэг олон улсын сайн туршлага, хөшүүргийг нэвтрүүлэх, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, өмнөх алдаагаа давтахгүй, өмч хувьчлалын тав дахь үе шатаа эдийн засгийн өсөлтийг хангах зорилтын хүрээнд хийх ёстой гэсэн саналыг хэлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.