МҮХАҮТ 10,000 залуусыг бизнес сургалтад хамруулж, 100 бизнес бойжуулна

Админ
2024/02/23

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсад төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө 12 дахин өсжээ. Үндэсний статистикийн хороо болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооны тоон мэдээлэлд суурилан гаргасан энэхүү тооцоолол нь Монголд төрийн өмчит компаниуд нь томроод, жижиг бизнесүүд оршин тогтнох боломж хязгаарлагдаж байгаагийн илрэл гэж хэлж болно.

Хувийн хэвшлийн орон зай ийнхүү хумигдаж байгаа нөхцөлд эдийн засгийг нуруундаа үүрдэг, ажлын байр хамгийн ихээр бий болгох нөөц боломжтой, эдийн засгийн эрүүл орчны илэрхийлэл болсон жижиг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих "Бизнесийн сэргэлт" хөтөлбөрийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим боловсруулжээ.

Энэ хүрээнд хийгдэх чухал гол ажил нь нийслэл болон орон нутгийн 10,000 залуусыг бизнесийн сургалтад хамруулах юм. Бизнес хийх, шинээр эхлүүлэх урам зориг хамгийн чухал болсон энэ цаг үед МҮХАҮТ 10,000 залуусыг ийнхүү бизнесээр сургаж, амжилттай суралцсан 1,000 хүнийг нь БНЭУ, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад бизнесийн нэмэлт сургалт, дадлагын сургалтад хамруулахаар төлөвлөжээ. 

Тэднээс шилдэг санал санаачилга гаргаж, идэвхтэй суралцсан 100-н суралцагчдад гарааны бизнес эрхлэх санхүүгийн боломжийг нээхээр хөтөлбөрөө эхлүүлж байгаа талаар Бизнесийн академийн захирал Д.Асралт мэдээлэл өглөө. Ингэхдээ хүйсийн харилцааг гурван шатны түвшинд 50:50 хувиар хадгална гэдгийг онцолсон юм.

2022 онд хийсэн Лоринет сангийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар 15-29 насны залуусын 52.8% нь ажилгүй, 20.7% нь сурдаггүй, ажилладаггүй байгаа нь 140,000 орчим залуус өөрсдийгөө зоригжуулах, дээд боловсрол, карьераа хөөхөд бэрхшээлтэй тулгарч байгааг харуулж байна гэж үзжээ. Энэ нь тэдний нийгэм, эдийн засгийн байдалтай шууд холбоотой бөгөөд нийгмийн халамж нь наад захын амьдралд нь хүрэлцэхгүй байгаа боловч амьжиргаагаа дээшлүүлэх боломж байхгүй учраас залуучууд дотооддоо эдгээр бэрхшээлтэй тулгараад байгаа аж. "Ийм ч учраас тэдэнд өөр боломж байхгүй гэж өөрсдийгөө кодлож эхэлдэг” хэмээн дүгнэсэн байна.

Иймд МҮХАҮТ-аас бизнес сургалт бойжуулалтын хөтөлбөрөөр дамжуулан залууст бизнесийн боловсрол эзэмшүүлж, бизнес сэтгэлгээг нь дэмжих, цаашлаад ирээдүйн боломжуудыг нээх хөтөлбөр боловсруулахаар зорьсон нь энэ ажээ. Хөтөлбөр нь хойч үедээ хувийн бизнес эрхлэх, ирээдүйн бизнесийн манлайлагчид болох, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж, Шинэ сэргэлтийн бодлогод нийцүүлэн тогтвортой эдийн засгийг бий болгоход тусална гэж үзэж байна.

Хөтөлбөрийг 2024-2025 онд хэрэгжүүлэх бол үр дүнгээс хамаараад цаашид жил бүр явуулахаар төлөвлөжээ.

Жижиг, дунд бизнесийн хувьд томоохон төсөл хөтөлбөрийг гүйцэтгэх, зээл авах, чадварлаг боловсон хүчнийг ажиллуулах зэрэг боломжийг хүртэж чаддаггүй ч хамгийн их ажлын байрыг бий болгож, эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. Энэ салбарт ажиллаж буй бизнес эрхлэгч олон улсын бизнесийн MBA хөтөлбөрт хамрагдахын тулд 60-240 мянган ам.доллар төлөх шаардлагатай болдог учраас энэ нь биелэх боломжгүй байдаг аж. Гэтэл бизнесийн таатай орчин бүрдэхэд хамгийн чухал хүчин зүйл нь "Бизнесийн боловсрол" олон улсад үздэг байна.

Тэгвэл МҮХАҮТ-ын энэхүү "Бизнесийн сэргэлт" хөтөлбөрийн хүрээнд хийх сургалт нь олон улсын хэмжээний хөтөлбөрийг богино хугацаанд, хямд өртгөөр жижиг, дунд бизнес эрхлэх хүсэлтэй залууст хүргэж байгаагаараа ач холбогдолтой болохыг Д.Асралт мөн тодотголоо.
Сургалтын бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлж, танхим, цахимаар хэлбэрээр сургалт явагдах юм байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.24
    2024/02/25

    Tavigdah shaardlaga delegrengvi medellel oron nutgiin bvrtgel

    Хариулах