ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 28 /VOA/. 1972 оноос хойш Саран дээр анх удаа газардсан Америкийн сансрын хөлөг болох “Odysseus”-т ойролцоогоор 10-20 цаг ажиллах цэнэг үлдсэн гэж нислэгийн хяналтын багийнхан мэдээлэв.
Техас муж улсад төвтэй “Intuitive Machines” компанийн мэдээлснээр, нислэгийг хянаж буй мэргэжилтнүүд “Odysseus” буугч төхөөрөмжтэй мягмар гарагт холбогдсоноор мэдээлэл, зургуудыг хүлээн авсан байна. Хөлгийг зохион бүтээж Сар луу нисгэх, түүгээр туршилт судалгааны багаж хэрэгслүүдээ тээвэрлүүлэхийн тулд сансар судлалын НАСА агентлагаас “Intuitive” компанид 118 сая доллар төлжээ.
Хөлөг өнгөрсөн баасан гарагт Саран дээр газардсан боловч хажуу талаараа буусны улмаас 7-10 хоногийн дараа унтарна гэж таамаглаж байсан юм. Бид буугч төхөөрөмжийн цэнэг хураагуурын ажиллах хугацааг эцсийн байдлаар тодорхойлохоор ажилласаар байна гэж “Intuitive” мэдээлжээ.
Мягмар гарагт тус компанийн хувьцааны ханш 16 хувиар унасан бөгөөд буугч төхөөрөмжтэй холбоотой хэвээр байгаагаа мэдэгдсэний дараа алдагдлаа бага зэрэг нөхжээ.
“Odysseus”-ын Саран дээр ажиллах хугацаа богиноссон тул хэдий хэмжээний мэдээлэл цуглуулах нь одоогоор тодорхойгүй байна. “Nova-C” ангиллын буугч төхөөрөмжийг /Одиссей/ хоёрдугаар сарын 15-нд НАСА-гийн Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансрын нислэгийн төвөөс SpaceX компанийн Falcon-9 пуужингаар хөөргөсөн юм. Улмаар уг төхөөрөмж зургаан хоногийн дараа Сарны тойрог замд орсон билээ.
Эх сурвалж: https://montsame.mn/mn/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна