СЭЗИС-н судалгааны баг сургуулийн 100 жилийн ойн хүрээнд “Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө" сэдэвт судалгааны ажлыг хийж, үр дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Судалгааны баг уул уурхайн салбар, түүнд хийгдэж буй гадаадын хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засаг, орон нутагт үзүүлэх нөлөөллийг тоон болон чанарын шинжилгээний арга ашиглан тодорхойлжээ. Мөн салбарын мэргэжилтэн, судлаачид төрийн байгууллага, уул уурхайн компаний удирдлага, ажилтан, орон нутгийн иргэд, олон нийт гэх мэт олон оролцогч талуудын байр суурийг тусгаснаараа онцлог болсон байна.
Манай улсад 2010 оноос хойш уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, томоохон төслүүд хэрэгжиж эхэлснээр, тус салбарын үйлдвэрлэл эрчимжиж, эдийн засаг дахь уул уурхайн салбарын нөлөө ихэссэн.
Тодруулбал манай улсын уул уурхайн салбарт дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнхийг Оюу Толгойн хөрөнгө оруулалт эзэлж байгаа бөгөөд эдийн засаг дахь нөлөөллийг 22 хувиар нэмэгдүүлж байна. Түүнчлэн уул уурхайн салбарынхны төлж буй татварын 76 хувийг топ 5 компани бүрдүүлж байгаа бол салбарын бүтээмж улсын дунджаас 2.4 дахин өндөр байна. УУ-н салбарын ажилчдын цалин улсын дунджаас 2.4 дахин өндөр байгаа нь 2010 оноос хойш 6.3 дахин өссөн үзүүлэлт аж.
Нийгмийн нөлөөлөллийн хувьд уул уурхай хөгжсөн орон нутагт эдийн засгийн бусад салбар хөгжих боломж 40-50 хувиар илүү, уул уурхайн бүсэд амьдарч буй иргэдийн орлого бусад бүс нутагтай харьцуулахад 50 орчим хувь өндөр, ядуурлын түвшин 2-3 дахин бага байна. Мөн уул уурхайн салбар хөгжсөн газар нутагт дэд бүтцийн хөгжил бусад аймгуудтай харьцуулахад 40 орчим хувиар өндөр байна.
Энэ мэтчилэн гадаадын хөрөнгө оруулалтын ололттой талууд МУ-д эдийн засаг, нийгэмд сайнаар нөлөөлж байгаа ч Монгол Улсын Засгийн газар, бодлого, үзэл баримтлал нь хөрөнгө оруулалт татахад сөргөөр нөлөөлж байгааг судлаачид тогтоожээ.
Тухайлбал уул уурхай, ГШХО-н талаар тогтсон бодлого үзэл баримтлал төлөвшөөгүй, ЗГ-н газрын бодлогын залгамж чанар муу байгаа нь уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ГШХО-н бодлогын хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж.
Тиймээс судалгааны багийн зүгээс уул уурхайн салбар дахь ГШХО-н бодлогын тогтвортой байдлыг хангах, эрх зүйн орчныг сайжруулах нь хөрөнгө оруулалтын нөлөөллийг улам нэмэгдүүлэх боломжтой гэж үзэхийн зэрэгцээ харилцан ашигтай байх Монгол Улсын хөгжилд нөлөөлөх нөлөөллийг нэмэгдүүлэх, байгаль орчны асуудлыг анхаарсан бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөж байна.
Уул уурхайн бүс нутгийн иргэдийн орлого бусад бүс нутагтай харьцуулахад 50 орчим хувь өндөр, ядуурлын түвшин 2-3 дахин бага байна
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, СЭЗИС-ийн дэд процессор, MBA Ж.Дэлгэрсайхан:
- Манай улс хөгжлийн бодлого дээрээ нэгдсэн чиг баримтлалгүй, уул уурхайн талаарх үнэт зүйл чиг баримжаагүй, уул уурхайн талаарх бодлогын тогтвортой байдал нь хангалтгүй гэсэн үр дүн гарсан. Үүний илрэл нь Засгийн газрын залгамж чанар дээр тодорхой харагддаг. Мөн цаашид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Хамгийн гол дурдууштай зүйл нь нийгэм, эдийн засгийн хүрээнд улс төрчид уул уурхайн салбарын талаар эсрэг тэсрэг байр суурь илэрхийлдэг. Зарим нь тэнгэрт тултал магтдаг бол нөгөө нь газар дор ортол муулах хандлагатай байна. Өнөөдрийн судалгаагаар уул уурхайн салбарт нийтээрээ сөрөг ханддаггүй гэх үр дүн гарсан. Энэ нь бидний хувьд хамгийн суурь нөхцөл гэж олзуурхаж байгаа.
Уул уурхайн салбарт дахь гадаадын хөрөнгө оруулалт хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг багасгах хандлага ажиглагдсан
СЭЗИС-ийн бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор Ph.D Б.Мөнхзаяа:
- Уул уурхайн салбарт орж байгаа гадаадын хөрөнгө оруулалт урт хугацаандаа эдийн засагт эерэг нөлөөтэй байна. Тэр дундаа Оюутолгойд оруулсан хөрөнгө оруулалт эдийн засгийг 0,22 нэгж хувиар өсгөх эерэг нөлөөтэй байна гэх судалгааны үр дүн гарсан. Манай улсын уул уурхайн салбарын хамгийн өндөр хөрөнгө оруулалт нь яах аргагүй Оюутолгой. 1990 оноос хойш орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын 40 хувь, 2010 оноос хойш орж ирсэн хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг эзэлж байгаа.
Энэ мэтчилэн нийт эдийн засагт нөлөөлөхөөс гадна салбаруудаа дамжуулан нөлөөлнө. Тухайлбал уул уурхайн салбарт туслан гүйцэтгэх үйл ажиллагаа явуулдаг салбар нь бусдаасаа хамгийн өндөр гарсан. Энэ нь уул уурхайн салбар туслан гүйцэтгэгчээрээ дамжуулан эдийн засагт өндөр үр өгөөж өгч байгаа нь судалгаагаар харагдсан. Харин хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг багасгах, хөрөнгө оруулалтыг бууруулах хандлага ажиглагдсан.
Хайгуулын лиценз олголтыг сайжруулж байж Оюутолгойтой тэнцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх боломж бүрдэнэ
СЭЗИС-ийн экономиксийн тэнхимийн ахлах багш МА Д.Мөнхцэцэг:
- Хөрөнгө оруулалт сайжруулахад уул уурхайн хайгуулын лиценз олголтыг сайжруулах хэрэгтэй. өөрөөр хэлбэл хайгуулын үйл ажиллагааг сайн хийж гэмээнэ дараагийн Оюутолгойтой тэнцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх боломж бүрдэнэ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хайгуулын лиценз 2,5 дахин буурсан. Засгийн газар ч хайгуулд зарцуулах төсвөө нэлээн хэмнэсэн. Тиймээс үүнд анхаарах зайлшгүй шаардлагатай. Хайгуул хийхэд байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл нь харьцангуй бага. Түүнчлэн иргэдийн зүгээс байгаль орчны тал дээр санаа зовних асуудал гардаг. Хэрэв энэ сөрөг нөлөөг нь бууруулчихвал хүлээж авахад бэлэн сэтгэлзүйтэй байгаа нь судалгаанаас харагдсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна