15 ЖИЛ МИАТ-ЫГ МИА ХАРАГДУУЛСАН “НҮХТ ТУР”

Админ
2024/03/05

Сүүлийн үед “МИАТ”-ын хоолтой холбоотой асуудлууд нэлээд яригдав. Учир нь 2009 оноос хойш МИАТ компанийн зорчигчдын хоолыг нийлүүлсэн “Нүхт тур” гэх компани 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр зарлагдсан “Зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх” тендерт ялагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тендерт ялсан “Ред рок катеринг” компанид үйл ажиллагаагаа шилжүүлэх болсноор хэл ам, шүүх цагдаагийн “ажилдаа” оржээ.

Өнгөрснийг эргэн дурьдвал МИАТ компани 2009 оны долдугаар сарын 23-ны өдөр “Нүхт тур” ХХК-тай “МИАТ компанийн Катерингийн төвийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын гэрээ”, 2009 оны долдугаар сарын 24-ны өдөр “Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх гэрээ”- г байгуулжээ. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т “...Гэрээг хоёр жилийн хугацаатайгаар хоёр удаа сунгаж болно” гэж заасан байна. Ингэснээр МИАТ компани тухайн үед хоол үйлдвэрлэлд ашиглаж байсан барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөцөө “Нүхт тур”-т шилжүүлжээ. Гэрээний 2.1.3-т заасанчлан энэхүү гэрээ хоёр удаа сунгагдаж, 2015 он хүртэл ямар нэгэн тендергүйгээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсэн байдаг.

Харин хоёр удаа сунгасны дараа буюу 2015 онд МИАТ компаниас Зорчигчдын хоол /Катеринг/-ыг нийлүүлэх тендерийг олон улсын хэмжээнд зарлаж, уг тендерт дэлхийн алдарт “Gate Gourmet” компани шалгарчээ.

Энэ үед “Нүхт тур” ХХК мөн л тендерийн маргаан үүсгэж, хуулийн байгууллагад хандсан байна. Гэтэл “Gate Gourmet” компани хууль шүүхийн асуудлаас залхан, тендерээ буцааж байжээ. Үүний дараа Ази-Европын дээд түвшний уулзалт /ACEM/-тай холбогдуулан зорчигчдын хоол тасалдах учиргүй тул “Нүхт тур”-тай гэрээгээ сунгажээ. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2015.04.20-ны өдрийн 35/264 тоот, Зам, тээврийн яамны 2015.06.22-ны өдрийн 03/2715 тоот албан бичгээр уг гэрээг сунгахыг үүрэг болгосон байна. Мөн 2018 онд ЗТХЯ-ны Дэд сайдын “Зам тээврийн хөгжлийн сайд”-ын 2017 оны МИАТ ТӨХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 15 дугаар тушаалын 1 дэх заалтын хүрээнд “Нүхт тур” ХХК-тай байгуулсан гэрээг барин ажиллах албан бичгээр сунгажээ. Харин 2018 онд МИАТ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу “Хоол үйлдвэрлэлийг тасралтгүй хангах” үүднээс, мөн шинэ нисэх буудал руу нүүх хүртэл "Нүх тур" ХХК-ийн гэрээг 3 сараар сунгасан байдаг.

Харин 2019 онд тендер зарласан ч бүтэлгүйтсэн. 2020 онд "Ковид-19"-ийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тендер зарлаагүй байна. 2021, 2022 онд зарласан “Зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх” тендер амжилтгүй болсоноор “Нүхт тур” ХХК-ийн гэрээ дахин сунгажээ. Гэвч энэ хугацаанд Аудитын байгууллагуудаас катерингийн үйлчилгээг тендерийн хуулийн дагуу явуулахыг удаа дараа анхааруулсаар байж.

Тендер шалтгаантай шалтгаангүй олон удаа цуцлагдаж, бүтэлгүйтсэн шалтгааны нэг том хүчин зүйл нь “Нүхт тур”-ын арыг даагч МИАТ компанид шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсантай холбоотой байх магадлалтай юм. Тодруулбал 2015 онд МИАТ ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний хэлтсийн даргын албанд томилогдож, 2016 онд Коммер эрхэлсэн дэд захирал болж тушаал дэвшсэн Ш.Гантулга гэх хүний нөлөө их байсан гэдэг. Тэрээр “Нүхт тур”-ын гэрээг сунгах шийдвэрт дэмжлэг үзүүлж, санал өгч байсан төдийгүй тухайн үед тендерийн үнэлгээний хорооны даргаар ажиллаж байжээ.

 

ӨӨХ ӨГСӨН ХҮНТЭЙ ӨГЛӨӨ БОСООД ЗАРГАЛДАВ

Өмнөх хэсэгт дурьдсан 2019 онд бүтэлгүйтсэн тендерт компаниуд оролцоогүй, оролцсон ч тендерийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь материал бүрдүүлэлтийг дутуу хийсэн зэрэг шалтгаанаар тендер нь амжилтгүй болж байв. Тухайн үед МИАТ-ийн зорчигчдын хоол /Катеринг/ нийлүүлэх тендерийн “Үнэлгээний хороо”-г Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулга ахлан ажиллаж байжээ. Тэрээр анх 2015 оны хоёрдугаар сард МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайханы тушаалаар МИАТ-ын Хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдож, 2016 оны 11 дүгээр сард Коммер эрхэлсэн дэд захирал болон тушаал дэвшиж байв. Дэд захирал байх үедээ “Нүхт тур” ХХК-тай тендергүйгээр гэрээ байгуулах, гэрээний хугацааг сунгах зэрэг ажлуудыг хийсэн байдаг. Тухайлбал, 2017 онд “Нүхт тур”-ын гэрээг дуусгавар болгох байсан ч Ш.Гантулга дахин хоёр жилээр сунгах гарын үсэг зуржээ. Мөн тухайн үед “Нүхт тур” компанийн үйлчилгээндээ ашиглаж байсан катерингийн зориулалттай авто машин элэгдэлд орсон гэсэн шалтгаанаар “МИАТ” ТӨХК-ийн хөрөнгөөр шинэ машин авч, ашиглуулж байжээ. Үүгээр ч зогсохгүй МИАТ компани Улаанбаатар-Бангкок гэсэн шинэ чиглэлтэй болох үед тус чиглэлийн зорчигчийн хоолны үнийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр анх 2009 онд байгуулсан гэрээний хавсралтаар нэмж оруулах албан бичигт МИАТ-ийг төлөөлж Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулга, "Нүхт тур" ХХК-ний дэд захирал Н.Хандсүрэн нар гарын үсэг зурж байжээ.

Ш.Гантулга нь 2020 оны 12 дугаар сард албан тушаалын давуу байдлаа ашиглан компанийн үйл ажиллагаанд хохирол учруулах шийдвэр гаргаж, Ковидын дэглэм ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Харин тэрээр өдгөө 2023 оны 10 дугаар сард болсон “Зорчигчдын хоол /Катеринг/-ыг нийлүүлэх тендер”-ийн үнэлгээтэй санал нийлэхгүй, тус гэрээг хүчингүй болгох, тендерт шалгарсан “Ред Рок” компани болон МИАТ ТӨХК-ийн эсрэг гомдол гаргасан нэхэмжлэгч тал буюу “Нүхт тур” ХХК-ийн захирал Н.Хандсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм.

Тодруулбал, “Нүхт тур”-ын эзэн Н.Хандсүрэн гэгч нь Ш.Гантулгад өөрсдийн нэхэмжлэлтэй “МИАТ” ТӨХК-д холбогдох хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бүх шатны шүүхэд нэхэмжлэгч талыг төлөөлөн гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах, нэхэмлэлээ өөрчлөх, хүсэлтээ өөрчлөх, татгалзах, харилцан эвлэрэх, хэргийн материалтай танилцах, хуулбарлах, шүүх хуралд оролцох, шүүхийн шийдвэр гардан авах зэрэг бүх үйлдлийг хийх бүрэн эрхээ олгож гарын үсгээ зурж, баталгаажуулжээ. Энэ нь түүнийг “Нүхт Тур”-ын арыг дааж, удаа дараа тендергүйгээр гэрээг сунгаж байсан гэх хардлагыг бататгаж буй юм.

Үргэлжлэл бий...


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.35
    2024/03/05

    3хан саятай Монгол нь ямар олон мэдээний вебсайтуудтай, ямар олон телевизийн сувагтай юм бэ. Энэ бүх сэтгүүлчид хахууль авч байж, үйл ажиллагаагаа явуулдаг юм.

    Хариулах
  • 103.57.95.226
    2024/03/05

    Улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа МИАТ компанийн ажил нь өөдрөг байгаа гэж боддог. Харин тендерт байнга ялах ёстой гээд бодчихсон хэсэг олигархиуд одоо савраа татвал таарна даа.

    Хариулах