Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны оршин суугчид төрийн үйлчилгээ авахын тулд Төв шуудангийн “ХУРДАН” цэг, Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээг зорьж, ойролцоогоор 8 км замыг туулж 2-3 цагийг зарцуулдаг байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн хорооныхоо байрнаас төрийн 478 төрлийн үйлчилгээг хурдан, шуурхай авч, цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломж бүрдлээ.

Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн 24 хорооны иргэд төрийн үйлчилгээг олон цонхоор биш нэг цонхоор авах боломж бүрдлээ. Ингэснээр нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүрэг бүх хороондоо Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нэвтрүүлсэн хамгийн анхны дүүрэг болж, төр иргэндээ очиж байна.

“ХУРДАН” цэгээс иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, жолоодох эрхийн оноо, шинжилгээний хариу авах, зээлийн мэдээллийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг төрийн 43 байгууллагын үйлчилгээнүүдийг цаг алдалгүй авах юм.

“ХУРДАН” цэг нь нийслэлийн 48 байршил, орон нутагт 82 байршил буюу Монгол улсын хэмжээнд 130 байршилд байгуулагдсан. Мөн хилийн чанадад Австри, Австрали, Америк, Арабын Нэгдсэн Эмират, Болгар, Бельги, Вьетнам, Герман, Египет, Их Британи, Итали, Казахстан, Канад, Кувейт, Лаос, Орос, Өмнөд Солонгос, Польш, Сингапур, Тайланд, Турк, Унгар, Франц, Хятад, Чех, Швед, Швейцар, Энэтхэг, Япон зэрэг 29 улсын 44 байршилд буюу нийт 174 цэгээр дамжуулан иргэдэд төрийн цахим үйлчилгээг үзүүлж байна.