Улс орон даяар өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” Ховд аймагт болж байна. Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өрнүүлж буй Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа бөгөөд Ховдын өдөрлөгийг нээж үг хэллээ. Аймгийн Засаг дарга Э.Болормаа Ховд аймгийн хэмжээнд цахимжилт хэрхэн өрнөж байгаа талаарх илтгэлийг тавилаа. Энэ үеэр тэрбээр Ховд аймаг цахимд шилжилтээр улсын хэмжээнд манлайлан ажиллаж байгааг дурдсан.
Үргэлжлүүлэн “Ховд аймгийнхны хувьд цахимжилтыг маш чухал гэж үздэг. Учир нь манай аймаг Улаанбаатар хотоос 1500 км алслагдсан. Тиймээс цахимжилтыг эрчимжүүлснээр бид энэ орон зайн алслагдсан байдлаа шийдвэрлэх боломжтой. Орон зайг үгүй болгож байгаа маш том боломж. Тийм ч учраас бид өнгөрсөн хугацаанд аймгийнхаа сумдаар ажиллаж, цахимжилтыг эрчимжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулсан. Тэр дундаа иргэдийг тоон гарын үсэгтэй болгох ажлыг илүү түлхүү өрнүүлсэн. Ингэснээр манай аймгийн хувьд тоон гарын үсэг авсан иргэдийн тоогоор улсын хэмээнд тэргүүлж байна. Толдруулбал, аймгийн иргэдийн 99.6 хувь нь буюу 59 мянган хүн тоон гарын үсэгтэй болсон. Улсын дундаж ийм хэмжээнд хүрээгүй ч манай аймаг тоон гарын үсэг авалтаар бүрэн гүйцэтгэлтэй байна. Цаашид иргэдийн тоон гарын үсэгт суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай. Ховд аймгийн хувьд баруун бүсийн тулгуур төв гэж явдаг.
Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Улмаар бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ том бодлогыг хэрэгжүүлэхэд цахимжилт чухал. Ерөөсөө цахимжилт бол Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зургаан сэргэлтийн нэг чухал хэсэг. Монгол Улс цаашид эдийн засгийн тусгаар тогтнол цахимжилттай салшгүй холбоотой. Тийм ч учраас бид цахимжилтыг эрчимжүүлж, чухалчлан авч үзэх ёстой. Цахимжилт бол дэлхийн хөгжлийн араас хөөх биш угтах боломжтой салбар гэж харж байгаа. Тийм ч учраас Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цахим хөгжлийн нэгдсэн бодлогыг оруулсан байдаг. Шинэ сэргэлтийн бодлогод төрийн бүтээмжийн сэргэлтийг оруулсан нь төрийн албаны маш олон ажил, арга хэмжээг цахим хэлбэрт шилжүүлснээр олон хүний ажлыг хөнгөвчлөх, хурдавчлах боломжтой гэж үзсэнийх. Энэ агуулгаараа цахимжилт өөрөө төрийн бүтээмжийн сэргэлтийн нэг чухал хэсэг. Манай аймгийн хувьд бүх сумандаа төрийн цахим үйлчилгээний “И монгол” цэгийг байгуулсан. Улмаар “Хурдан” цэгийг мөн бүх суманд байгуулж, хэрэглээнд нэвтрүүлээд байна” гэлээ.









Болормаа эхлээд нөхөрт гараад гэрээ төвхнүүл хө