ШИНЭ намын дэд дарга, доктор, профессор Жадамбын Цолмонтой өнөөдөр нэн тулгамдаж байгаа эмийн чанар, хүртээмжийн талаар ярилцлаа.
-Эмийн чанар гэж тулгамдсан асуудал байна. Олон ч жил ярьж, сүүлдээ УИХ-ын хэмжээнд хүртэл Хянан шалгах хороо байгуулаад үр дүнд хүрээгүй. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ бол олон жил хараа хяналт сул явж ирсэн, яах аргагүй анхаарах ёстой зүйл. УИХ-ын хэмжээнд Эмийн чанарын хяналт шалгалтын түр хороог байгуулсан нь ажлаа хийж, чанарын асуудлаар сонсгол хийх нь хийсэн. Нийгмийн бодлогын байнгын хороо ч эмийн чанарын асуудлаар хэд хэдэн мэдээлэл хийж, аудитын байгууллага ч тодорхой дүгнэлтийг хийсэн байдаг. Харин тодорхой үр дүнд хүрсэн үү гэвэл хэцүү. Үндэсний аудитын байгууллагаас GMP-ийн шаардлага буюу үйлдвэрлэлийн стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэж байна гэсэн дүгнэлт гаргасан ч нөхцөл байдал дээрдсэнгүй. Тусгай зөвшөөрөлтэй 33 эмийн үйлдвэр байгаагаас долоон үйлдвэр Монгол Улсын үндэсний “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP) шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулж байгаа. Эмийн шинжилгээний лабораторийн хүчин чадал, тоног төхөөрөмж нь өөрөө орчин үеийн чанарын шаардлага, стандартыг хангадаггүй. Манай улсад импортоор орж ирсэн эмийг бүртгэхдээ лабораторид шинжилгээ хийж, баримт бичгийг нь хянаж үзсэний үндсэн дээр тухайн эмийг бүртгэх эсэхийг шийддэг. Олон улсад шинэ эмийг бүртгэж, хэрэглэж болно гэсэн зөвшөөрөл олгоход 80-540 хоног байдаг бол Монгол Улсад 85-115 хоног байдаг. Импортын эмийн хувьд шалгуур бүх үзүүлэлтээр стандартад нийцэхийг тогтоодог. Ингэхдээ нэг эмэнд 7-8 үзүүлэлтээр шалгалт хийдэг дүрэм журам бий. Гэвч манайд эмэнд хяналт тавих гаалийн байцаагч, эм шинжлэх лаборатори дутагдалтай байна.
- Техник технологи хөгжсөн, боловсон хүчнийголон талд бэлтгэх боломж байхад энэ бүхэн дутагдалтай байна гэхээр яах билээ?
-Бодит байдал хүнд байгаа нь үнэн. Хянан шалгах түр хорооныхон гаалийн байгууллагынхантай нэг удаа уулзалт хийсэн. Тэгэхэд Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лаборатори гэхэд л импортолж буй эм эмнэлгийн хэрэгсэл, эмийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийх боломжгүй, эмийн бүтээгдэхүүн болон эмийн түүхэд лабораторийн шинжилгээ хийх, итгэмжлэл аваагүй байсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн хяналтын лабораторийнхон нийт 128 багаж, тоног төхөөрөмж бүртгэлтэйгээс 78 нь ажилладаг, нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг 5.5 тэрбум төгрөгөөр авч өгөөч гэсэн хүсэлтийг 2023 оны дөрөвдүгээр сараас хойш салбар яамандаа тавьсан ч шийдээгүй байна. Өндөр мэдрэг багаж, тоног төхөөрөмжгүйгээс сүүлийн үед эмчилгээнд нэвтэрч буй тусгай нөхцөлд хадгалах зориулалттай биологийн идэвхэт нэгдлүүдтэй эмүүдийн чанарыг 100 хувь шинжилж чадахгүй байна. Хүний нөөцийн хувьд ч бүрэн хүчин чадлаараа ажиллахад нарийн мэргэжлийн 45 хүртэл албан хаагч шаардлагатай. Өнөөдөр 50 хувийн алба хаагчийн орон тоотой ажилладаг гэж зовлонгоо тоочсон байна лээ. Үүгээр ч зогсохгүй салбарын мэргэжилтэн бэлтгэж байгаа АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн лабораторийн тоног төхөөрөмжийг ч шинэчлэх шаардлагатайн энэ чиглэлд боловсон хүчнийг мэргэшүүлэх хэрэгтэй болсон.
-Таны ярианаас анзаарч байхад манайд хүн амтайгаа харьцуулахад олон үйлдвэр байна. Дээр нь импортын эм ихээр орж ирдэг гэхээр нэг талдаа эмийн хэрэглээ их байна уу. Эсвэл импортоор орж ирдэг эм нь чанаргүй байна уу, дотоодын үйлдвэрийн эм нь чанаргүй байна уу гээд олон асуудал байна. Энэ тал дээр тодорхой тоо баримт байдаг уу?
-Тоо баримт бий. Монгол Улсад бүртгэлтэй 4200 гаруй нэр төрлийн эм байдгаас 79 хувь нь импортоор орж ирж, үлдсэн 21 хувийг дотоодод үйлдвэрлэдэг гэсэн статистик байдаг. Чанартай, аюулгүй эмээр монголчуудыг хангах үүргийг нэг хэсэг Эрүүл мэндийн яам дангаар хариуцдаг байсан бол одоо Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар энэ үүргийг хүлээдэг болсон. Хяналт шалгалт л сайн байхгүй бол импорт ч адилхан, дотоодын үйлдвэр ч адилхан. Импортын болон дотоодод үйлдвэрлэгдсэн эмийг эхний ээлжид зохистой орчинд үйлдвэрлэгдсэн эсэхийг хянадаг. Үүний дараа найрлага, тун, идэвхийг нягталж тогтвортой эсэхийг тогтоодог. Мөн хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэсэн эсэхийг шалгаж, ДЭМБ-аас сэрэмжлүүлсэн жагсаалтад орсон эсэх, үйлдвэрлэгч улсын эмийн жагсаалтад орсон үгүйг шалгадаг. Түүнчлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн хатуу зохицуулалттай улсад бүртгэгдсэн байвал импортоор оруулж ирдэг. Эмийн зах зээлд хугацаа зааж өгдөг нь тухайн эмийн гаж нөлөө илрэх хугацааг тооцоолдог. Хэрэв шинээр үйлдвэрлэгдэж байгаа эм бол судалгааны явц, хорт хавдар үүсгэх магадлалыг харгалздаг гэх мэт хэд хэдэн шаардлага тавьдаг байна. Манай улсад ихэвчлэн Европоос, ОХУ-аар дамжуулан авдаг. Энэтхэг, Малайз, Индонез, Хятадаас их орж ирдэг болсон.
-Хянаж шалгаж байгаа дамжлаг талаас нь албаныхан ийм хариулт өгч байгаа ч иргэд эмийн чанар муу л гэдэг. Хариуцсан яам, агентлаг, мэргэжлийн байгууллага нь худлаа мэдээлэл өгдөг хэрэг үү. Иргэд итгэхгүй байна уу?
-Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын агентлаг нь эмийн зохицуулалтын бүх асуудлыг шинэчлэх зориулалттай байгуулагдсан байгууллага. Эмийн тал дээр дорвитой өөрчлөлт гараагүй. Үнэтэй байна, чанаргүй байна. Эм худалдаж авснаасаа болж ядуурч байна. Монголд нийлүүлж байгаа эмийн 85 хувь женерик эм байгаа. Оригиналь эм буюу женерик, хуурамч эм гэсэн ойлголтууд байдаг. Оригиналь эм нь зах зээлд танигдаж хэрэглэгчдийн итгэлийг олсон патенттай эм. Женерик эм бол оригиналь эмийн тун, үйлчлэх бодис, үйлдэл зэргийг дуурайлган хийсэн, оригиналь эмээс хямд, эмийн үйлдэл болон чанар дутуу байх магадлалтай гэж үздэг. Хуурамч эм бол үйлчлэгч бодис, үйлдвэрлэлийн нэрийг барьж тухайн бүтээгдэхүүнийг санаатай болон луйврын зорилгоор хуурамч шошго хэрэглэн үйлдвэрлэсэн, бүтэц, найрлага нь дутуу эмийг хэлнэ гэж заасан. ДЭМБ-ын ерөнхий чуулганаас баталсан WHA 41.16 тогтоолд ДЭМБ-ын Ерөнхий захирлаас хуурамч нэр, хаягтай, стандартын бус хуурамч эмийн бэлдмэлийг экспортлох, хууль бусаар наймаалах явдлыг шалгаж таслан зогсоох тухай хөтөлбөрийг санаачлахыг зөвлөсөн. Ганцхан жишээ дурдахад манай зах зээлд байгаа AC ingibitor гэж эм байдаг копинууд гэж үздэг. Монголын зах зээлд оригиналь эм маш ховор орж ирдэг.
-Албан талаас нь харахад зохих дүрэм журам байж, түүнийхээ дагуу үйл ажиллагаа өрнөдөг мэтээр харагдаж байгаа ч цоорхой байсаар байна. Үүнийг яаж цэгцлэх юм бэ. Чухам юунд байна?
-Дүрэм журам байгаад ч мөрдөж ажилладаггүй. Мөнгө санхүү, эрх мэдлийн хүрээнд дүрэм журам бүү хэл зүйлийг зөрчин ажиллаж байгаагийн нэгэн хэлбэр юм. Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн хөнгөлөлтөд зориулж 143 тэрбум төгрөг гаргаж өгсөн. Энэ салбарт нэг их наяд төгрөг эргэлддэг, түүний арваад хувийг зориулаад байхад эмээс үүдэлтэй асуудал багасдаггүй. Ашиг сонирхлын асуудал маш их гарч байна. Эмийн хяналтын зохицуулалтын байгууллагын орлогч дарга гэхэд Монголын эм холбооны тэргүүний охин байх жишээтэй. Монгол хүнийг оригинал эмээр хангах асуудал зүй ёсоор хийгдэх ёстой. Эмийг талх шиг зарж байна. Тиймээс албаныхан бодит мэдээлэл өгдөг гэж найдаж байгаа ч тэнд алдаа оноо байж болно. Эмийн салбар бол улс орны хүн амын аюулгүй байдлыг хангахад нэн чухал үүрэгтэй. Өнгөрөгч 2023 онд Төрийн аудитын байгууллагаас төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийхэд учир дутагдалтай олон зөрчил илэрсэн талаар УИХ-ын чуулган дээр мэдээлж байсан. Мөн зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр мэргэжлийн байгууллагаас алдаагаа ч ярьдаг, оноогоо ч ярьдаг гэж бодож байна. Бас нэг асуудал бий. Тэр нь монголчууд эмийн хэт өндөр хэрэглээтэйгээс гадна дур мэдэн хэрэглэдэг. Ингэж зохисгүй эмүүдийг хослуулдаг нь эмийн чанар муудсан гэх ташаа ойлголтыг бий болгодог талтай. Антибиотикийг эмчийн заавраар өгдөг ч бусад вирусийн гаралтай эмийг дур мэдэн авч ханиад, томуу хүрсэн үед уух нь эмийн даслыг бий болгож дараа нь тухайн эмэнд вирус нь үхдэггүй.
-Ахмадууд хөнгөлөлттэй эм авахаар эмийн санд дараалал үүсгэдэг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас чамгүй мөнгө тавьж өгдөгтөй холбоотой юм байна. Гэхдээ чанартаа анхаарахгүй бол ахмадуудаа аврах биш хорлоод байгаа юм биш үү?
-Нэг талдаа тэгэж хэлж болно. Шинэчилсэн жагсаалтад 159 ерөнхий нэршлийн, 590 худалдааны нэршлийн эм багтсан. Улаанбаатарын хэмжээнд 114 хороонд 331 эмийн сангаар дамжуулж хөнгөлөлттэй эм худалдаалж байна. Хөнгөлөлттэй олгож байгаа эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэсэн. Зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувь нь бүртгэлгүй байна гэсэн тоо баримт бас байдаг. УИХ-ын хэмжээнд дотоодын эмийн 18.6, импортын эмийн 6.1 хувь нь шаардлага хангахгүй байна гэж мэдээлж байсан ч нөхцөл байдал хэвээрээ байна. Нөгөө талд эмчилгээний үр дүн сайнгүй байгаа нь ерөөсөө эмийн чанарын асуудалтай холбоотой. Тиймээс эмийн чанарын тогтолцоо, эм үйлдвэрлэх процессыг чанартай байлгаж, түүнийг хянах тогтолцоог сайжруулах шаардлагатай. Чанаргүй эм оруулж ирэхийг болиулах шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбар тендерээр хямд үнэтэй эм авсаар байгаад эрүүл мэндийн салбарт чанаргүй эм дүүрээд байгааг нуух хэрэггүй.
-Манай улсын салбар бүрд л алдаа бий. Эм гэдэг өөрөө аюултай зүйл учраас ямар нэг аргаар засаж залруулах шаардлага тулгарчээ. Өнөөдрийн нөхцөлд яах ёстой юм?
-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөлдэмийн үнэ, эмчилгээний төлбөр өндөр байх нь хүнамын орлого, амжиргааны түвшинд нөлөөлдөг. Улмаар орлогоос шалтгаалах тэгш бус байдалүүсч, эрүүл мэндээс шалтгаалах эдийн засгийнхямралд ихээр өртдөг. Тиймээс хүн амын эрүүлмэнд, аюулгүй байдалтай холбоотой эмийнасуудалд төрийн оролцоо зохицуулалт зайлшгүй хэрэгтэй болсон. Эрүүл мэндээ эмчлэхийн тулдууж байгаа эм нь хүртэл шаардлага хангахгүйбайхад бид эрүүл мэндийн салбарын хөгжил, дэвшлийг ярих нь утгагүй хэрэг. Салбарын сайд ньэмийн үнийн өсөлтийн шалтгааныг тодруулахаарТатварын ерөнхий газар, Гаалийн ерөнхийгазартай хамтран ажиллаж, тодорхойсудалгаануудыг хийлгэж байгаа тухай ярьж байсан. Мөн эм, биобэлдмэл, эрүүл мэндийн нэмэлтбүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн чанарыгбаталгаажуулахтай холбогдсон зохицуулалтыголон улсын практикт нийцүүлэх, хуурамч, стандартын бус эмтэй тэмцэх үүрэг хариуцлагыгтодорхой болгон хуульчлах, эм, эмнэлгийнхэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөцбүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыгилүү оновчтой болгох талаар ярьж байсан. Гэхдэээнэ нь хэрэгжихгүй байсаар сонгуультайгаа залгажбайгаа учраас ахиад ч хугацаа туулах ньойлгомжтой. Одоо юун эм, эрүүл мэнд. Зөвхөн сонгууль бодсон л дарга, сайд нар дүүрэн байна.
-Сонирхол татаж байна. Нэг айлаас, ялангуяа ахмад настантай өрхөөс харахад эмэнд чамгүй мөнгө зарж харагддаг. Импортоор авч байгаа эмэнд хэчнээн төгрөг зарцуулдаг бол, ийм тоо баримт байна уу?
- Салбарт нь ажиллаж байгаа мэргэжлийн хүн ярьж байсан. Монгол Улсад эм хангамжийн 3100 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 13 мянган хүн ажиллаж байгаагийн 50 хувь нь эм зүйч мэргэжлийнхэн байгаа. Эдгээр байгууллага 2021 онд 164.5 сая, 2022 онд 159.3 сая ам.долларын эмийг импортоор оруулж ирсэн. Өнгөрсөн нэг жилийн хуaгацаанд эмийн үнэ дунджаар 40 хувь өссөнд ковидоос эхлээд валютын ханшийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна