Монгол Улсын иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь Английн “Скайтракс” олон улсын судалгаа үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “Дөрвөн од” зэрэглэлийн нисэх буудлын үнэлгээг авчээ.

Тус нисэх буудлынхан “4 од” зэрэглэлээ өчигдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотод гардан авсан байна.

Их Британи улсын Лондон хотод төвтэй Скайтракс олон улсын cудалгаа, үнэлгээний байгууллага нь 1989 онд байгуулагдсан бөгөөд терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт тус бүрээр шинжилгээ хийж, 1-5 оноогоор үнэлгээ хийжээ. 

Уг үнэлгээ нь Осака хотын Кансай, Итами нисэх онгоцны буудал, Фукуока, Франкфурт, Парис зэрэг Олон улсын нисэх онгоцны буудлуудтай ижил түвшний үнэлгээ бөгөөд нисэх буудлын үйлчилгээ нь ийнхүү өндрөөр үнэлэгдсэн байна.