Аймаг, сумдын хаалга, аялал жуулчлалын бүсүүдэд, ил задгай хог хаях, хур хог үүсгэх зөрчлүүд илэрсээр байна

Админ
2024/06/21

“Байгаль хамгаалал-2024” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулж байна

Цагдаагийн байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн байгаль орчны газар, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтран иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, аялал жуулчлалаас үүдэлтэй хүрээлэн байгаа орчинд үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл, ахуйн болон аюултай хог хаягдал, бусад төрлийн бохирдол /нүхэн жорлон/-оос сэргийлэх, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, дээрх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. 

Ирэх 8 дугаар сарын 12-ныг хүртэл зохион байгуулагдах уг арга хэмжээг энэ жил “ОРЧНОО БҮҮ БОХИРДУУЛ”, “ЦЭВЭРЧ ИРГЭН-ЦЭМЦГЭР ХОТ” уриатайгаар нийслэлийн ногоон бүс болон хөдөө орон нутгийн аялал жуулчлалын бүсүүдэд зохион байгуулагдаж, ил задгай хог хаягдал хаясан, гудамж талбай олон нийтийн газарт тамхи болон нус цэрээ хаясан, ачаа тээвэрлэх журмыг зөрчин зам талбайд шороо, бетон зуурмаг асгаж бохирдуулсан зэрэг нийт 411 зөрчлийг илрүүлжээ. 


Улмаар уг зөрчлийг арилгах чиглэлээр 13 аймаг, нийслэлийн 5 дүүргийн Засаг дарга, холбогдох төр, захиргааны байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл, шаардлага хүргүүлж, зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр ажиллаж байна.

Хяналт шалгалтаар илэрч байгаа зөрчлийн дийлэнх нь сум орон нутгийн угтах цэг /аймаг, сумын хаалга/-д хог хаягдал ихээр үүссэн, аялал жуулчлалын бүсүүдэд зориулалтын бусаар ил задгай хог хаягдлыг хаясан, Монгол Улсын стандарт МNS 5924:2015 “Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага” хангаагүй, нийслэл хотын дүүрэг, хороодод цаг хугацаандаа ачаагүйн улмаас хур хог хаягдал үүссэн зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Иймд хог хаягдал болон стандартын бус нүхэн жорлонгоос үүдэлтэй  хүрээлэн байгаа орчинд үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл, ахуйн болон аюултай хог хаягдлыг бууруулах ажилд бүх нийтээр хариуцлагатай хандаж, эх үүсвэр дээр нь бууруулах, байгаль орчиндоо ээлтэй хариуцлагатай байхыг Экологийн цагдаагийн албанаас уриалж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна