Манай улс хүний хөгжлийн бэрхшээлийг ДЭМБ-ын ICD-10 аргачлал буюу өвчин, гэмтлийн жагсаалтын дагуу “чадвар алдалт”-аар тогтоож байгаагаас тэдэнд тохирсон үйлчилгээ, бодлого, арга хэмжээг оновчтой хүргэж чадахгүй байна.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ төрийн үйлчилгээг тэгш хүргэх, халамжийн тогтолцоог сайжруулж, бэрхшээлийн онцлог, хэрэгцээнд тохирсон туслах хэрэгслийг хэрэглүүлэх зэрэг зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хөгжлийн бэрхшээлийн үйлдлийн чадамжийг тогтоох олон улсын аргачлалыг үе шаттай нэвтрүүлж, салбар дундын нийгмийн үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж, мэдээллийн тэгш байдлыг хангана” гэж туссан.
Энэ зорилтын хүрээнд олон улсын Үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн ангилал /ICF/-ыг нэвтрүүлэх олон талт уулзалтыг өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зохион байгуулж байна.
Энэхүү ангиллыг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүн өдөр тутмын амьдралд оролцохдоо яг юун дээр тусламж авч байна, ямар үйл хөдлөл нь хязгаарлагдаж байна, ямар чадвар нь илүү хөгжсөн байна зэргийг тогтоож, тохирох тусламж үйлчилгээг хүргэх юм.
ICF-г нэвтрүүлэх ажлыг салбар бүр тус тусдаа хийж байгааг нэгтгэж, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг энэхүү уулзалтаас гаргах юм.
Уулзалт-хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, болон ГБХНХЯ, Боловсролын яам, ЭМЯ, эдгээр яамдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, ДЭМБ, АЙФО зэрэг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна