Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр, уулчин Б.Онон нар өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдөр Памирын нурууны ноён оргилуудын нэг Корженевской (7105 м) оргилд амжилттай авирсан бол үргэлжлүүлэн наймдугаар сарын 15-нд 7495 м өндөртэй Коммунизм (Исмоила Сомони) оргилыг эзэлсэн билээ. Дэлхийн гурав дахь том уулсын бүс болох Дундад азийн Тянь-Шань, Памирын нуруунд 7000 метрээс дээш өндөртэй таван оргил сүр хүчийг гайхуулан оршдог. Тянь-Шаний нуруунд Хан Тэнгэр (7010м), Жениш чокусу буюу Победа (7439м) оргилууд байдаг бол Памирын уулсад Коммунизм (7495м), Ленин (7134м), Корженевской (7105м) оргилууд бий. Эдгээр таван оргилд бүгдэд нь амжилттай авирсан уулчдад “Цасны барс” цол хүртээдэг хөтөлбөр одоо ч уулчдын хамгийн ихээр татагддаг сэдэв хэвээр байна. Нэг сарын хугацаанд Памирын нурууны Коммунизм (7495 м), Корженевской (7105 м) оргилуудад үргэлжлүүлэн авирсан Гавьяат тамирчин Г.Өсөхбаярыг “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа.
-Памирын уулсыг зорьсон нь гэнэтийн мэдээ байлаа. Тийшээ явсан хойно нь л сонссон. Гэнэтийн шийдвэр байв уу. Эсвэл төлөвлөсөн авиралт уу?
-Ер нь төлөвлөж байсан. Өөрийгөө жаахан хөгширсөн гэж бодсон чинь дажгүй сайн яваад ирлээ. Хар залуу байхаас бодогддог байсан авиралтуудын нэг л дээ. Ленин, Победа, Хан тэнгэр, Коммунизм, Корженевской оргилуудыг 1990-ээд оны үеэс мэддэг, очихыг хүсдэг байсан. Энэ таван оргилд бүгдэд нь гарсан уулчинд “Цасны барс” гэж цол олгодог. Хуучин ЗХУ-ын үеэс л эхэлсэн, одоо ч хэвээрээ. Анх “Цасны барс” гэж энэ нэршил нь их гоё санагддаг байлаа. Ямар гоё нэр вэ л гэж боддог байсан. Яваандаа “Хэрвээ чи уулчин л юм бол Памирын энэ сүрлэг, хүчирхэг уулс руу явж, өөрийгөө сорих хэрэгтэй” гэдгийг ойлгодог болсон. Энэ удаагийн дараалсан хоёр авиралт амжилттай болсноор таван оргилын дөрөвт нь очоод ирлээ. Өдий насан дээрээ (Инээв).
-Сүүлийн гурав, дөрвөн жил 7000, 8000 м-тэй ууланд яваагүй. Энэ удаагийн авиралтын мэдрэмж ямар байв. Айдас, болгоомжлол хэр байсан бэ?
-2018 онд уулчидтайгаа хамт Хан тэнгэр (7010м), 2019 онд Гавьяат тамирчин Д.Эрдэнэтогтох, МУҮХ-ны Өндөр уулын хорооны гишүүн Б.Онон хоёртойгоо хамт Ленин (7134м) оргилд авирсан. Түүнээс хойш өвдөгний бэртэл, бас бус эмчилгээнээс шалтгаалаад өндөр ууланд явах жаахан хориотой байсан. Энэ хугацаанд “За би ч одоо уулсад зорихоо больё доо. Ер нь сайхан алхдаг хүн л болъё” энэ тэр гээд янз бүрийн юм бодогдож байлаа. Яг үнэнийг хэлэхэд, сая жаахан айж байсан. Том уулс шүү дээ. Өмнөх шигээ том зүрх цохилохгүй байгаа ч юм шиг. Жаахан тийм өөрийгөө чагнасан тал байсан. Мэдээж өндөр дээр очих сайхан байсан. Тэр сайхан нь юу байсан гэхээр түрүүн таны хэлдэг шиг анх яг Эверест рүү явж байсан шиг нэг тийм хүчтэй мэдрэмжийг, сандралыг, баяр бахдалыг шинээр мэдэрсэн ч юм шиг санагдсан.
-Уулын зам, цаг агаарын байдал ямархуу байсан бэ. Энэ удаагийн авиралтад танд хамгийн хүнд хэцүү нь юу байв?
-Хэзээ ч амархан авиралт гэж байхгүй. 7000-тай уул гэдэг бол тэнгэрийн юм байхгүй юу. Бид нарын зугаацах зүйл биш. Хүний тоглоом биш. Алхам бүр нь хэцүү. Алхам бүр нь амьдрал. Үлдэх үү, эс үлдэх үү. 7000-тай уулсад өмнө бид авирч байсан уу, авирч л байсан. Гэхдээ Памир гэдэг бол шал ондоо асуудал юм байна. Би хар багаасаа л ЗХУ-ын уулчдыг шүтдэг байсан. Агуу Балыбердиныг шүтдэг, агуу Анатолий Букреевыг шүтдэг. Тэр хүмүүс Памирын уулсын энэ таван оргил ямар агуу болохыг харуулсан. Бүх уулсад очсон уулчид. Тэдний эзэлсэн энэ сүрлэг оргилуудад хүрнэ гэдэг миний үнэхээр мөрөөдөл байсан. Сайн явлаа, ирлээ. Товчхондоо бол өмнөх Ленин, Хан тэнгэрийн авиралтуудаас Хан тэнгэр үнэхээр чанга байсан. Саяын хоёр авиралт бол бүр овоо чанга байлаа. Авиралтын зам, саад тотгор гэхээсээ илүү өөр хүндрэлтэй зүйлс ч байлаа. Сая ганцаараа биш бид багаараа явсан. Багаараа явахын давуу тал ч байна, хэцүү тал ч байна. Хэцүү нь юу вэ гэхээр хүний амь насыг би хариуцаж байгаа нь. Зөвхөн өөрийгөө бодож явж болохгүй, тийм дүрэм ууланд байх ёсгүй. Дураараа шийд гаргаж болохгүй. Нэг бол хүнийг дураар нь байлгаж болохгүй... Ийм үеүд байлаа. Бид зургаа, долуулаа явсан. Хоёр хэсэг болж бэлтгэл, авиралтуудаа хийсэн. Гэхдээ бүгдээрээ оргилд хүрч хараахан чадсангүй. Б.Ононтойгоо хамт дээшиллээ. Оргилд амжилттай хүрлээ. Магадгүй, би заримыг нь гомдоосон байх. Учир нь тэдний авиралтыг зогсоох шийдвэр гаргасан. Заримыг нь би буцаасан. Баг ахалж явахын хэцүү нь энэ. Хүний мөрөөдлийг таслан зогсоох болдог. Энийг одоо юу гэж тайлбарламаар юм бэ дээ. Их хүнд... Дотор жаахан буглаад л яваад байгаа. Хүний амь насаар дэнчин тавьж болохгүй. Үнэхээр цааш явах боломжгүй бол, эрсдэлтэй бол түүнийг зогсоох ёстой газар нь зогсоох л ёстой. Г.Өсөхбаяртай л хамт явбал болчихно гэсэн зүйл байхгүй шүү дээ. Гэхдээ яахав ээ, эцэст нь бид бүгд өнөөдөр эрүүл саруул, энх тунх байна. Уул хэзээ ч нүүхгүй. Байрандаа байж л байна. Бас уул хэзээ ч бөхийж өгдөггүй. Үүнийг бид бодож явах ёстой...
эх сурвалж: Өглөөний сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.84
Яваач дээ хэнд хамаатай юм
Хариулах172.91.182.247
Хэнд хэрэгтэйн? Өөрт нь л байх даа
Хариулах