“Оюу толгой” компани Өмнөговь аймагт 5 мод үржүүлгийн газар байгуулах ажлыг эхлүүлж, одоогоор 2-г нь бүрэн ашиглалтад оруулаад байна

Админ
2024/10/04

“Монголын уул уурхайн 7 хоног” чуулга уулзалт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Чуулга уулзалтын хоёр дахь өдөр “Оюу толгой” компанийн байгаль орчны багаас Монгол орны цөлжилтийн эсрэг судалгааны ажлын үр дүнгийн тоймыг танилцуулж, орон нутаг болон улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, сайн туршлагаа хуваалцсан юм. 

“Оюу толгой” ХХК өнгөрсөн онд байгаль орчны чиглэлд баримтлах стратегиа шинэчлэн баталсан байна. Шинэчлэн баталсан стратегид тус компанийн байгаль орчны бодлого, төсөл хөтөлбөрүүдийг зөвхөн Оюу толгойн үйл ажиллагаа явуулж буй газар нутгаас гадна Монгол орны хэмжээнд өргөжүүлэн ажиллах зорилтуудыг багтаажээ. Энэ хүрээнд “Оюу толгой” компани Монгол орны цөлжилтийн эсрэг судалгааг хийж, цаашид цөлжилт, газрын доройтлын эсрэг авч хэрэгжүүлэх 13 санаачилгын төслийг дэвшүүлжээ. Түүнчлэн, гадаргын усыг говийн бүс рүү татах Хэрлэн Тоонот төслийн ТЭЗҮ шинэчлэх ажлыг “Оюу толгой” компани санхүүжүүлэн ажиллаж байгаа аж.

Цөлжилтийг бууруулах хүрээнд 4000 га талбайд заг тариалж байна

Мөн “Оюу толгой” компани Дархан, Сэлэнгийн бүсэд хууль бус алт олборлолт болон хүний буруутай үйл ажиллагаанаас эвдэж, сүйдсэн 600 орчим га газрыг нөхөн сэргээж, улсад хүлээлгэн өгсөн байна. Төвийн болон өмнөд бүсийн аймгуудад цөлжилтийг бууруулах хүрээнд  4000 га талбайд заг тарих ажлыг эхлүүлжээ. 

“Оюу толгой” компанийн Тогтвортой хөгжлийн Ерөнхий зөвлөх Б.Ууганбаяр: “Оюу толгой” компани байгаль орчныг хамгаалах чиглэлд олон ажил хийж байна. Саяхан Монгол орны цөлжилтийн судалгааг хийж, олон нийтэд танилцууллаа. Монгол орны хэмжээнд өмнө хийж байсан бүх цөлжилтийн судалгааг нэгтгэж, цөлжилтийн эсрэг ямар арга хэмжээ авсан, ямар үр дүнд хүрсэн бэ, цаашдаа ямар арга хэмжээг авах хэрэгтэй талаар мэргэжлийн байгууллага, экспертүүдийн санал дүгнэлтийг багтаасан. Цөлжилтийн судалгаагаар Монгол орны 76.9 хувь нь цөлжсөн байна гэж дүгнэсэн. Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад Монгол Улс цаашид юу хийх ёстой вэ гэдэг чиглэлд нийт 13 төслийн санаачилга гаргасан. Тухайлбал, байгалийн ургамлуудын генийн нөөцийг хадгалах ген банкийг бий болгох. Мод тариулах замаар ойн зурвасыг олноор бий болгох. Баянбүрдүүдийг нэмэгдүүлж, одоо байгаа хүрээг тэлэх шаардлагатай зэрэг санаачилгыг дэвшүүлж, заримыг нь “Оюу толгой” компани хийхээр төлөвлөж байна.

Мөн “ компани Монгол орны усны нөөцийн тогтвортой байдлыг хангахад анхаарч ажиллана. Энэ хүрээнд говь руу гадаргын ус татах Хэрлэн Тоонот төслийн ТЭЗҮ хийх санхүүжилтийг шийдвэрлэх, мөн усны нөөцийг нэмэгдүүлэх Элсэн далан төслийг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлэхээр Шинжлэх ухаан технологийн сургуулийн эрдэмтэнтэй хамтарч, зураг төслөө гаргаж байна.

“Оюу толгой” компани уурхайн цогцолбортоо 1800 га-д нөхөн сэргээлт хийж, хог хаягдлынхаа 70 хувийг дахин ашигладаг

“Оюу толгой” компанийн Байгаль орчны асуудал хариуцсан менежер Т.Самданжигмэд:   Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхэд байгаль орчинд тодорхой хэмжээгээр нөлөөлөл үзүүлдэг. Тиймээс уул уурхай үйл ажиллагаа явуулж байгаа газар нөхөн сэргээлтийг заавал хийх ёстой. “Оюу толгой” компанийн хувьд газрыг ашиглаж дууссан бол тэр даруйд нь нөхөн сэргээдэг. Нөхөн сэргээхдээ байгалийн ургамлыг ашигладаг. 2011 оноос хойш “Оюу толгой” компани уурхайн 1800 га-д нөхөн сэргээлт хийсэн байна. Үүнийхээ 600 га-д говийн байгалийн ургамлыг тарьж ургуулаад байна. Бид 2014 онд байгалийн ургамлын үржүүлгийн газар байгуулсан бөгөөд нийт 40 орчим байгалийн ургамлыг ургуулж, эргээд нөхөн сэргээлтэд ашиглаж байна. Байгалийн ургамлаар нөхөн сэргээлт хийх нь тухайн газрыг унаган төрхөнд нь буцаан хадгалах, дасан зохицох чадвар илүү байдаг.

Усны нөөцийн хомсдолоос сэргийлж манай компани ямар нэгэн байдлаар усыг байгальд хаяхгүй байх бодлого барьдаг. Одоогоор Оюу толгойн уурхай ашигласан усныхаа дунджаар 85 хувийг дахин ашиглаж байна. Энэ хувиа илүү нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, нэг тонн хүдэр олборлоход зарцуулж байгаа усны хэмжээг байнга багасгахын төлөө ажиллаж байна.

Мөн уурхайн үйл ажиллагаа усны чанарт нөлөөлж байгаа, эсэх талаар тогтмол судалгаа хийж байна. Малчдын оролцоотойгоор нийт 400 орчим цэг дээр усны хяналт шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Одоогоор ундны усны чанар, нөөцөд нөлөөлсөн зүйл алга. Гэсэн хэдий ч малчдын усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд байнга ажил хийж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ханбогд суманд 100 гаруй худаг шинээр гаргаж, орон нутгийн малчидтай хамтран ажиллаад байна.

Дараагийн онцлох асуудал бол уурхайн хог хаягдлынхаа 70 хувийг дахин ашиглаж байгаа явдал юм. Хог хаягдал дахин боловсруулах үндэсний 18 компанитай хамтран ажиллаж байна. Төмөр, мод, хаягдал тос, ногоо, хүнсний хаягдал, хуванцар гээд дахин ашиглах боломжтой бүх хог хаягдлыг боловсруулж байна. Харин үлдсэн 30 орчим хувийг газар булж устгах  аргыг ашиглаж байгаа аж. Ингэхдээ олон улсын стандартад бүрэн нийцүүлэн хийдэг гэлээ.

Ташрамд дурдахад, Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Оюу толгой” компани 100 сая мод тарих амлалт өгсөн. Үүнийхээ 60 сая модыг бодитоор тарьж, 40 сая модыг дүйцүүлэх ажил хийхээр төлөвлөсөн. 2024 оны хагас жилийн байдлаар дүйцүүлэх ажилд 13 сая ам.долларын зарцуулжээ. Өмнөговь аймагт таван мод үржүүлгийн газар байгуулах ажлыг эхлүүлж, одоогоор хоёрыг нь бүрэн ашиглалтад оруулсан байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна