Арга зүйн шинэ цахим сургалтаас үр дүн хүлээж байна.

Оросын Холбооны Улсад дээд боловсрол эзэмших хүсэл сонирхолтой Монголын оюутан сурагчдад орос хэлний мэдлэгээ ахиулах шинэ боломж нээгдлээ. Залуучуудын санаачлагыг дэмжих Свердловск мужийн сангийн хүчин чармайлтын үр дүнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сангийн дэмжлэгтэйгээр «Монголд орос хэлний сургалтыг цахимжуулах арга зүй» төсөл амжилттай хэрэгжиж байна.
Уг төслийн хүрээнд Монголын 40 багш, сурагч Уралын их сургуулийн шинжээчидтэй хамтран монголын орос хэлний багш нарт зориулж цахим гарын авлага боловсруулжээ. Хөтөлбөр ёсоор орос хэлний 8 хичээл боловсруулсаны дөрвийг Уралын их сургуулийн багш нар, үлдсэн дөрвийг монголын багш нар зохиосон байна. Хөтөлбөрт мөн Екатеринбург хотын түүх, соёл, боловсролтой холбоотой дүрс бичлэгүүд багтжээ. Тухайлбал, сурагчдын оролцоотой «Екатеринбургийн түүхээс», «Екатеринбургийн соёлоос», «Екатеринбургийн спортоос», «Екатеринбургийн дээд боловсрол» зэрэг дүрс бичлэгүүдийг бүтээжээ. 
Энэхүү чухал төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Свердловск мужийн олон улс, эдийн засгийн гадаад харилцааны яам дорвитой дэмжлэг үзүүлсэн байна. Свердловск мужийн олон улс, эдийн засгийн гадаад харилцааны сайд Вячеслав Ярин хэлэхдээ: «Свердловск муж 2009 онд Екатеринбургт Монголын Өргөмжит консул суух болсон цагаас эхлээд Монгол Улстай тогтмол найрсаг харилцаатай явж ирлээ. Орос, Монголын нөхөрсөг харилцаа бол хөрш орнуудын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх бат бэх үндэс суурь билээ. Энэхүү түншийн харилцаагаа бид соёл, боловсрол, худалдаа-эдийн засгийн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх замаар бэхжүүлж байна. Монголд орос хэл дэлгэрүүлэх чиглэлээр 2018 оноос эхлэн идэвхтэй ажиллаж байгаа Залуучуудын санаачлагыг дэмжих Свердловск мужийн сан, Уралын их сургуулийн чармайлтад би нэн талархалтай байна. Бид соёл, үнэт зүйлийн нэгдмэл орон зайд хамтдаа байна гэдэг маш чухал. Жишээ нь, дөчөөд жилийн тэртээ манайд орос хэлээр дээд боловсрол эзэмшсэн хүмүүс өнөөдөр Монгол Улсын чухал салбаруудад ерөнхий инженер, технологич, аж үйлдвэрийн компаниудын эзэд болсон байна. Тэд Орос орон, Зөвлөлт Холбоот Улсыг халуун дулаанаар дурсацгааж байна» гэв.


Залуучуудын санаачлагыг дэмжих Свердловск мужийн сангийн захирал Егор Аникин: «Энэ жилийн төслийн гол санаа зөвхөн багш нар төдийгүй, орос хэл сурч буй монгол хүүхдүүдийг хамруулахад чиглэсэн. Бид үүнийг бодохдоо хүүхдүүд аль болох хэлний орчинд ороосой гэсэн юм. Екатеринбургт бид монгол хүүхдүүдийг энэ хоттой танилцуулж, Орос орон, орос хэл соёлд дуртай болгох үүднээс өргөн хүрээтэй соёлын хөтөлбөр хэрэгжүүлэв. Дараа жил мөн эрчим хүчний чиглэлээр сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр Монголоос багш, сурагчид ирүүлэхээр төлөвлөж байна» хэмээв. 
«Монголд орос хэлний сургалтыг цахимжуулах арга зүй» төсөл хэд хэдэн үе шаттай хэрэгжсэн юм. Урьдаар Уралын их сургуулийн багш нар монголын багш нарт зориулж хичээлүүд боловсруулжээ.
Уралын их сургуулийн ахлах багш Юлия Даминова: «Эдгээр хичээлдээ бид гол анхаарлыг сурагчдын зүгээс урган гарсан, тэдэнд сонирхолтой сэдвүүдийг тойрсон асуултуудад төвлөрүүлсэн. Жишээ нь, нэг зангилаа сэдэв бол Орост дээд боловсрол эзэмших асуудал. Хичээлээ явуулаад бид багш нартайгаа юу нь таалагдав, ойлгомжгүй зүйл юу байв гэх мэт асуудлаар арга зүйгээ ярилцдаг. Энэ бол хамтын бүтээлч үйл гэсэн үг: асуудлыг манай багш нар, монгол багш нар, сурагчид хамтдаа хэлэлцдэг. Үүний үр дүнд бид сургалтын хэрэглэгдэхүүнтэй болж шинэ гарын авалга боловсруулах эх үүсвэр бүрэлдсэн юм. Энэ бүхнийг одоо Монголын багш, сурагчид Залуучуудын санаачлагыг дэмжих Свердловск мужийн сангийн сайтаас олж үзэж болно. Монголын ямар ч багш энэ хичээлийн материалуудыг татаж аваад хичээлийн ямар үед юу хийх, юу ярих, ямар арга зүйгээр хандаж материалаа ашиглах гэх мэт заах сэдвийнхээ бүрэн төлөвлөгөөг үе шаттай гаргаж болно» гэж ярив.


Багш нарт зориулсан арга зүйн гарын авалга зохиосны дараа Залуучуудын санаачлагыг дэмжих Свердловск мужийн сан Орост дээд боловсрол эзэмшсэнээр ямар боломж бүрэлдэх вэ гэдэг талаар болон Екатеринбург хотын тухай дүрс бичлэг хийж роликууд бүтээсэн юм. Ролик бүтээх ажилд монгол сурагчид гар бие оролцжээ. Энэ бүхэн монголын хүүхэд залуучуудын орос хэл сурах сонирхлыг татах ёстой аж.  


Тус төслийн зохицуулагч, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ерөнхийлөгч Ц.Магсар: «Одоо дунд сургуулиудад орос хэлний цаг багассан нь учир дутагдалтай байна. Долоон хоногт хоёр цаг байгаа. Ахлах ангид бүлэг бүрдүүлэхийн тулд орос хэл үзэх хүүхдийн тоо хүрэлцэх хэмжээнд байх ёстой. Үүнийг зохион байгуулах гэж, орос хэл судлуулах гэж зүтгэж ажиллаж ирсэн олон багш, сургуулийн удирдлагуудыг талархан дэмжиж байна. Төслийн материал, дүрс бичлэгүүд ч сургалтанд туйлын хэрэгтэй бөгөөд энэхүү чухал төслийг хамтран хэрэгжүүлж буй байгууллагуудад биднээс илүүтэй Екатеринбург явж уг сургалтанд оролцсон багш, сурагчид гүн талархалтай эргэж ирсэнийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Ерөнхий утгаараа энэ бүхэн манай улсын орос хэлний сургалтанд тустай ажил болж байна» гэв.


МУБИС-ийн орос хэл, арга зүйн тэнхмийн эрхлэгч, төслийн хамтран зохицуулагч Ш.Цолмон Монгол Улсад өнөөдөр орос хэл сурах хэрэгцээ нэмэгдэж, залуучуудын сонирхол идэвхжиж байгаа талаар ярив. Түүний ярьсанаар «Орос хэл зааж байгаа манай багш нарт мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд нь энэхүү төслүүд нэн ач холбогдолтой. Сурагчдад ч мөн богино хугацаанд чанартай сургалтанд хамрагдаж Оросын их дээд сургуулиудад элсэн амжилттай сурах боломж нээгдэнэ гэсэн үг».
Төслийн зохион байгуулагч, санаачлагчдын нэг, Уралын их сургууль төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Александр Пономарёвын ярьсанаар: «Орос хэл зөвхөн сургалтын хэрэгсэл төдийгүй, мэдлэгийн ертөнцийг нээж, мэргэжил нэгт нөхдийн харилцааг бататгадаг, соёл, шинжлэх ухаан, технологийн арвин их ундрагын түлхүүр бөгөөд Монгол, Орос хоёр орны хамтын ажиллагаа төрөл бүрийн салбарт өргөжиж байгаа өнөөгийн нөхцөлд орос хэлний мэдлэг онцгой чухал болж байна. Манай төгсөгчид ч үүнд хувь нэмрээ оруулсаар байгаа юм».
Арга зүйн шинэ гарын авлага боловсруулах ажил Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбоо, Монгол дахь Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газраар дамжин хэрэгжих төлөвлөгөөтэй байна.