Налайх дүүрэгт 3 нас 7 сартай эрэгтэй хүүхэд менингококкт халдвараар өвчилсөн нь батлагдаж ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтээд байна. 

Налайх төвийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэхдээ:

Хүүхдийг өчигдөр өглөө эмнэлзүйн шинж тэмдгээр нь хүлээж авч яаралтай эмчилгээнд оруулсан. Эрүүл мэндийн сайдын 2008 оны 37 тоот тушаалын дагуу мэдээллийг шууд ХӨСҮТ, ЭМЯ, НЭМҮГ-т өгч ажилласан. Мөн эрүүл мэндийн төвөөс тандалтын багийг шуурхай гаргаж, ойрын болон холын хавьтлуудыг судалсан. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол нэг. 

Тухайн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн хүүхэд энэ сарын 28-ны шөнөөс халуурч эхэлсэн. Ээж нь тухайн шөнөдөө халуун бууруулах эмчилгээ хийсэн ч өглөө босоход биеэр нь их хэмжээний тууралт гарч улмаар өрхийн эмнэлэгтээ очсон. Хүүхэд хордлого их, биеийн байдал маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн. Бид тохиолдол батлагдсан даруйд эмч нарын шуурхай баг гарсан. Халдварын тохиолдол илэрсэн хүүхэд ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гэлээ.  

 Халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой 25 байгууллагын 41 анги танхимыг ариутгаж, бүрэн халдваргүйжүүлсэн байна. 

Мөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах олон нийтийн үйл ажиллагааг тав хоног хориглосон шийдвэрийг гаргажээ.