Трамп, Зеленский нар утсаар ярьжээ

Админ
2025/03/20

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар лхагва гарагт утсаар ярьж, дайныг зогсоох чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ. Цагаан ордон нэг цаг үргэлжилсэн уг яриаг “гайхалтай” гэж тодорхойлсон байна.

Хоёрдугаар сарын 28-нд Зууван танхимд болсон дуулиант уулзалтын дараа хийсэн анхны хэлэлцээний үеэр В.Зеленский АНУ-аас дэмжлэг үзүүлж буйд талархлаа илэрхийлж, ойрын өдрүүдэд Саудын Арабад хоёр талын төлөөлөгчдийн уулзалтыг хийхээр тохиролцжээ.

В.Зеленский агаарын довтолгооноос хамгаалахад нэмэлт тусламж үзүүлэхийг Д.Трампаас хүссэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч шаардлагатай цэргийн техник хэрэгслийг Европт байрлуулахад тусална гэж хэлснийг Цагаан ордон уламжилсан байна.

Д.Трамп мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар хийсэн хэлэлцээнийхээ талаар В.Зеленскийд мэдээлэл өгчээ. Уг хэлэлцээний үеэр Оросын тал Д.Трампын санал болгож буй 30 хоногийн гал зогсоох хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан боловч эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох саналыг хүлээж авсан юм. 

Гэсэн хэдий ч лхагва гарагт Оросын өмнөд нутаг дахь нефтийн агуулахад Украины тал цохилт өгсөн гэж Москва мэдэгдсэн бол Оросын цэргүүд эмнэлэг, байшин барилгуудад цохилт өгч, төмөр замын цахилгааныг тасалсан гэж Киев мэдэгдсэн байна.

В.Зеленский Д.Трамптай хийсэн хэлэлцээгээ “эерэг, маш бодитой, илэн далангүй” болсон хэмээн тодорхойлоод, Киев Оросын дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоож, өмнө нь АНУ санал болгосны дагуу фронтын шугамд ямар ч болзолгүйгээр гал зогсооход бэлэн гэдгээ нотолсон гэв.

“Дайныг бүрэн зогсоох эхний алхмуудын нэг нь эрчим хүч болон бусад иргэний дэд бүтцэд цохилт өгөхийг зогсоох явдал юм, би энэ алхмыг дэмжиж, украинчууд үүнийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгийг нотоллоо” гэж тэрбээр олон нийтийн сүлжээндээ бичжээ.

Д.Трамп мөн АНУ атомын цахилгаан станцуудыг ажиллуулахад нь Украинд тусалж чадна гэж В.Зеленскийд хэлсэн талаар Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. Украины Запорожье муж дахь Европын хамгийн том атомын цахилгаан станц 2022 онд Оросын цэргүүдэд эзлэгдсэнээс хойш хаагдсан юм.

Украины тал Запорожье станцын үйл ажиллагааг сэргээхэд АНУ-ыг оролцуулах боломжийг ярилцаж эхэлсэн гэж В.Зеленский мэдэгджээ.

эх сурвалж: Монцамэ 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна