БНХАУ-ын дарга Ши Жиньпин Малайз улсад ирлээ

Сэтгүүлч
2025/04/16

Хятадын дарга Ши Жиньпин АНУ-тай импортын бараа бүтээгдэхүүний татварын дайн эхлүүлсний дараа бүс нутгийн орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа сайжруулахаар төрийн айлчлал эхлүүлсэн. Тэрээр зүүн өмнөд Азийн гурван улсад энэ долоо хоногт айлчилна. Долоо хоногийн эхэнд Вьетнам улсад айлчилсан бол өнөөдөр Малайзад ирлээ. Ши Жиньпин Малайзад хоёр хоносныхоо дараа Камбож улсыг зорих юм.

Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим Хятадын даргыг Куала Лумпурын нисэх буудалд ёслол хүндэтгэлтэйгээр угтан авч мэндчиллээ. Ши Жиньпин Малайзад байх хугацаандаа хаан Султан Ибрахимтай мөн уулзахаар төлөвлөсөн. Хятадын төрийн мэдлийн суваг CCTV-ийн дамжуулснаар Ши дарга Малайз улстай эртний түүхэн уламжлалт харилцаагаа сэргээх зорилттой байгаа гэжээ. Өнөө орой Малайзын хааны ордонд төрийн хүндэтгэлийн зоогт Хятадын дарга оролцоно. Мөн Малайзын засаг захиргааны төв Путражая хотод Ерөнхий сайд Анвар Ибрахимтай яриа хэлэлцээр хийх юм.

Талууд харилцан ашигтай хамтын ажиллагааны олон яриа хэлэлцээр, гэрээнд гарын үсэг зурна гэж Малайзын Гадаад хэргийн яам мэдээллээ. Хятад улс 16 жил дараалан Малайзын худалдааны хамгийн том түнш байсаар иржээ. Малайзын өнгөрсөн жилийн гадаад худалдааны 16,8 хувийг Хятад эзэлсэн.

Ши Жиньпин Малайзын удирдагчдад худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна дэлхийн геополитикийн талбарт далд үзэл санааны эсрэг тэмцэж, НҮБ төвтэй олон улсын тогтолцоо шийдвэрийг дэмжиж хамгаалах хүсэлтийг тавьж байна. Хятад, Малайз улсууд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнгөрсөн жил тохиожээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна